Цэс

Холбоо барих

Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт боловсруулах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдааны тойм

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05 тоот тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 14.25 цагт Төрийн ордны “А”, “В” танхимд хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэг удирдан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, Н.Энхболд, Н.Номтойбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга О.Очиржав, ажлын хэсгийн дэд хэсгийн гишүүд болон байнгын хороодын ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын дэд захирал Г.Амартүвшин гадаад харилцааны асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагааг схемчилсэн байдлаар харуулсан танилцуулга хийв. Улсын Их Хурлын гишүүд энэхүү танилцуулга болон танилцуулгад тусгагдаагүй зарим асуудлаар ажлын дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авч, саналаа хэллээ. Улсын Их Хурлын гишүүдээс гарсан саналын дагуу гадаад харилцааны асуудлаар шийдвэр гаргаж байгаа байгууллага болон албан тушаалтнуудыг түвшингөөр нь, шийдвэрүүдийг төрлөөр нь ангилан ялангуяа яам, агентлаг, орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад Гадаад харилцааны яамтай харилцах харилцааг тодорхой болгох нь зүйтэй гэж үзлээ. Мөн шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрх зүйн актаар зохицуулагдаагүй байгаа асуудлууд, тэдгээрийн тайлбар, зохицуулалтад хэрхэн оруулах талаар болон бусад оролцогчдын эрх үүрэг зэргийг танилцуулгад тодорхой зааж, схемийг илүү сайжруулан дараагийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулах үүргийг өглөө.

Ажлын хэсгийн хуралдаан 15.40 цагт өндөрлөв.

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны

Ажлын алба

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл