Байнгын хорооны Ажлын хэсгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

  2017-04-30 16:23  344

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийг төлөөлж, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны ажлын хэсгийн Хэвлэл мэдээлэл хариуцсан ажлын дэд хэсгийн ахлагч М.Оюунчимэг өнөөдөр (2017.04.30) 14.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэлдээ, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулга хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс нийгмийн бүх давхаргыг төлөөлсөн түүврийн судалгааны аргачлалаар сонгогдсон 700-гаад хүн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Анхдугаар санал асуулгын хэлэлцүүлгийн талаарх нэгдсэн хуралдааныг телевизүүд шууд дамжуулан олон нийтэд хүргэж байгааг дурьдаад анхдугаар Зөвлөлдөх санал асуулга нээлттэй, ил тод байдлаар үргэлжилж байгааг онцлов.

Тэрбээр мөн "Хэлэлцүүлэгт оролцож буй иргэдийн оролцоо идэвх сайн байгааг цохон тэмдэглэмээр байна. Эдгээр иргэд түүхэн үйл явдлын гэрч болж, бүх ард түмний хэлэлцүүлэгт өөрийн хувь нэмрийг оруулах, үүнээс гадна Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явцыг зөв хандлага руу нь чиглүүлэхэд чухал үүрэгтэй оролцож байгаа гэсэн чин сэтгэл, хариуцлагын үүднээс хандаж буйд баяртай байна” гэлээ.  

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. “Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж энэ хэлэлцүүлгийг хийж байна уу. Эсвэл ард түмний санаа бодлыг тандах гэж энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм уу” гэсэн агуулгатай сэтгүүлчийн асуултад тэрбээр “Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх асуудал байхгүй. Зөвхөн энэ удаагийн санал асуулгын сэдэвт хамаарах зургаан сэдэв дээр л иргэдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага, эсэх асуудлаар ярилцаж байгаа юм. Оролцогчид өөрсдийн санал бодлоо хэлэлцүүлгийн төгсгөлд бичгээр өгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн хариулт өгөв.

Мөн сонгогдсон зургаан сэдвийн алийг нь төлөөлөгчид түлхүү дэмжиж байгааг тодруулахыг хүсэхэд, энд цугларсан эрдэмтэн, судлаач, оролцогчид бүгд хариуцлага нэхэж байна. Улстөржихгүйгээр тодорхой албан тушаалтан бүрт хариуцлага тооцдог болох зохицуулалтыг иргэд хүсэж байна гэлээ.

Тэрбээр эцэст нь, хэрвээ анхдугаар санал асуулгад оролцогчид энэ зургаан сэдвээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл дараагийн шатанд УИХ-аас улс төрийн бүх нам, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын өргөн төлөөлөл бүхий томоохон комисс байгуулж хуулийн төсөл боловсруулах юм. Энэ үндсэн дээр нийгмийн бүх талын зөвшилцөл явагдаж, улмаар бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг нэмж тодотголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2017-04-30 16:23  344