Сонгогдсон төлөөлөгчид санал асуулгын хуудас бөглөлөө

  2017-04-30 19:53  549

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулсан анхдугаар Зөвлөлдөх санал асуулгад оролцсон төлөөлөгчид хоёр өдрийн турш нийт зургаан сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, экспертүүдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм. 

“Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, "Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох", "Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх", "Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх", "Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах", "Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх" зэрэг нийт зургаан сэдвийн хүрээнд тодорхой мэдлэг мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцсон Монгол Улсын бүх аймаг, сум, хот, дүүргээс хүрэлцэн ирсэн, нийгмийн бүх давхарга, ажил мэргэжил, сонирхлын бүлэг, нас хүйсийг төлөөлөл болсон 750 орчим төлөөлөгч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулгын хуудсыг бөглөлөө. 



Санал асуулга 80 асуулт бүхий найман хуудастай бөгөөд асуулгын хариултад иргэд “Дэмжихгүй байна”, “Дэмжиж байна” эсвэл “Хүчтэй эсэргүүцэж байна” гэх хариултыг сонгох ба хэр эсэргүүцэж, эсвэл дэмжиж байгаагаа 0-10 хүртэлх тоогоор тодорхойлох юм байна. Тодруулбал, дэмжиж буйгаа 5 гэсэн тоогоор илэрхийлбэл "Дунд зэрэг дэмжиж байна", 0-ийг сонгосон бол "Огт дэмжихгүй байна" гэсэн санаа юм хэмээн Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал тайлбарлан хэлсэн. Түүнчлэн санал асуулгын хуудас дахь хариултуудад "Мэдэхгүй" гэсэн сонголт ч бий ажээ.


Нийт төлөөлөгчид санал асуулгын хуудас бөглөж дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтын хаалтын арга хэмжээ болно. Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалын мэдээлснээр санал асуулгын хуудсыг таблет дээр шивж, өнөөдөртөө багтаан электрон хэлбэрт оруулахаар Үндэсний статистикийн хорооны 91 тоологч ажиллаж байгаа юм байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд зааснаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтын санал асуулгын дүнг 2017 оны тавдугаар сарын 05-ны дотор нэгтгэн гаргах бөгөөд Зөвлөлдөх зөвлөл дүнг нэгтгэн зөвлөмж гаргаж, УИХ-д танилцуулах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2017-04-30 19:53  549