Монгол хаадын овгийн тамга

  2018-02-12 18:13   570

Нүүдэлчдийн түүхэнд овог аймгууд өөрсдийн газар нутгийн зааг, аливаа өмч хөрөнгөнд тавих таних тэмдэг нь овог ургийн тамга болдог байв. Нийт овгийн хэмжээнд хэрэглэгдэж тэдний өмчлөлийг илэрхийлэх зорилготой байсан овгийн тамга хөгжлийнхөө явцад тухайн овгийн тэргүүлэгч хэсгийн сүр хүч, өмч хөрөнгийг батлан илэрхийлэх бэлгэ тэмдгийн зүйл болж хувирав. Улмаар овгийн тамга нь эцгээс хүүд өвлөгдөн ирдэг залгамж шинж чанартай болжээ. Ингэхдээ эцэг хүүгийн овгийн тамга харилцан адилгүй байж эцгийн тамган дээр шинэ зураас, тэмдэглэгээ нэмэн баяжуулах замаар хүүд шинэ тамга үүсгэн өгдөг байжээ. Чингис хаан дөрвөн хөвгүүндээ энэ уламжлалын дагуу тамга үүсгэн өгсөн нь XIII–XIV зуунд Төв азид байгуулагдсан Монголын эзэнт гүрний харъяа салбар улсуудын хаад болцгоосон тэдний эрх сүрийг тодорхойлох, эд баялгийг илэрхийлэгч бэлгэ тэмдгийн хэрэгсэл болсон байна. Чингис хааны удмын язгууртнуудын ихэнх нь эцгээс залгамжлан авсан овгийн тамгыг хэрэглэж ирснийг одоогоор хөдөлшгүй батлах гол дурсгал бол Дундат азийн зарим орноос маш цөөн тоогоор олдож буй Монгол хаадын зоосон мөнгө юм. Зоос цуглуулагч, судлаач, түүхийн ухааны доктор Б.Нямаагийн цуглуулганд байсан Монголын эзэнт гүрний хаадын нэр, овгийн тамга бүхий 255 ширхэг зоосыг музейн сан хөмрөгт авч Монгол улсын Засгийн газрын 2010 оны 103 дугаар тогтоолоор Монгол улсын түүх соёлын дурсгалт зүйлсийн хосгүй үнэт зэрэглэлд оруулсан юм. Монголын эзэнт гүрний газар нутагт хааны зарлиг хуулиар баталгаажсан алт, мөнгө, зэс зооснууд гүйлгээнд гүйж, тэдгээр нь хэлбэр хийц, дэлдүүлсэн газар орны нөлөөгөөр харилцан адилгүй, мөн бараг зоос бүрт тухайн цаг үеийн хаадынхаа нэрийг тэмдэглэн үлдээсэн байдаг зэрэг нь хожим түүхийн судалгааны тодорхойгүй олон асуудалд судалгааны маш үнэ цэнэтэй эх сурвалж болж байгаа юм. Зоос цуглуулагч, судлаач, түүхийн ухааны доктор Б.Нямаагийн олон жилийн судалгааны үр дүнд эмхтгэн нэгтгэсэн Монгол хаадын овгийн тамганы схемийг уран дархан, доктор Д.Энхдаваа биетээр бүтээснийг Монгол төрийн түүхийн музейн үзүүллэгт байрлуулаад байна.


  2018-02-12 18:13   570