Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

  2018-10-24 08:50  480

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.10.24/ 11 цаг 17 минутад 52,9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. 

“Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов

Байнгын хорооны хуралдааны эхэнд Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов. “Цэвэр агаар сан” болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийгдэж байгаа гүйцэтгэлийн аудитын тайланг 2018 оны 10 дугаар сард багтаан ирүүлэх тухай Байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн албан тоотын дагуу өнөөдөр Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсож байна хэмээн Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцууллаа.


“Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл хийв. Тэрээр, Аудитын дүн, дүгнэлттэй уялдаж Ерөнхий сайд буюу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдад зөвлөмж өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчид агаар, орчны бохирдол өсөж байгааг “царцаах болон бууруулах” чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг 2 үе шаттайгаар нэгдсэн бодлого, хяналтын дор зохион байгуулах талаар зөвлөмж өгсөн. Аудитаар гаргасан зөрчилтэй холбоотой зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд болон Сангийн сайдад зөвлөмж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид албан шаардлага өгсөн ба зарим аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна. Төрийн аудитын байгууллагаас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүнд зарцуулсан хөрөнгийн үр нөлөөт байдалд цаашид байнгын явцын хяналт шалгалт явуулах болно гэлээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан агаарын бохирдлыг бууруулахад олон тэрбум төгрөг, сая сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байна. Эдгээр мөнгийг юу юунд зарцуулсан талаар тодруулж байв. 

Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл хийсэн тайлбартаа, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, МУ-ыг Хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан ба 2012-2017 онд нийслэлийн гэр хорооллын 2 тарифт тоолууртай 2,535,739 хэрэглэгчдэд /давхардсан тоогоор/ хүйтний улиралд орой, шөнийн цагаар хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэнд нийт 14.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн ба харин 2016 онд хөнгөлөлт үзүүлээгүй байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах нэрийдлээр олон арван тэрбум төгрөг зарцуулсан. Энэ үйлдвэр баригдсан эсэхийг асуухад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулсан 210,000 тн хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр ажиллаагүй байна гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, агаарын бохирдолд гүйцэтгэлийн аудит хийсэн эсэх, хэнд хариуцлага тооцох талаар тодруулж байв. Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл, гүйцэтгэлийн аудитыг 2013, 2018 онуудад тус тус хийж, зөвлөмж хүргүүлсэн. Бид бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох албан тушаалтнуудад албан шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирүүлэгүй гэв. 

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, утааг бууруулахад гадаадын зээл, буцалтгүй тусламжаас маш их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа атал яагаад хөрөнгө оруулагчдаас гомдол гаргахгүй, хяналт байгаа эсэх талаар тодруулж байв. Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл, аудитаар хийсэн дүгнэлтэд хяналтыг холбогдох яам, сан хийх ёстой байсан боловч хяналт хийгдээгүй нь тогтоогдсон. Иймд Үндэсний аудитын газраас албан тоот хүргүүлсэн болно гэлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнл Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Г.Солтан нар саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлахад, өмнөх жилүүдэд зарцуулсан хөрөнгийн эзэн нь байхгүй гэсэн тайлбар хийж байна. Эдгээр хүмүүст хариуцлага тооцохын тулд Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газарт хандаж хариуцлагыг нь заавал тооцуулах тухай санал хэлж байв.

Ийнхүү Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонссоны дараа Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусган Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээлээ.

Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов 

Дараа нь Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсов.

 

Эхний мэдээллийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтэцийн газрын дарга Ч.Батбилэг  хийв. Тэрээр, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 127 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг баталсан. Тус сонгосон 76 хэсэгчилсэн талбайд нийт 41 аж ахуй нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан байдаг. Дээрх аж ахуй нэгжүүдээс төсөл хэрэгжүүлэх талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй улмаас 2016 онд 6, 2018 онд 7 төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж 4 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж дахин 11 хэсэгчилсэн талбайд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилгыг зарлаад байна. Одоогийн байдлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1712 нэгж талбарын газрыг чөлөөлөн 10278 айлын орон сууцны барилга эхлүүлж 5477 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. 2018 оны 3 дугаар улирлын байдлаар  280 айлын орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд дахин 2233 айлын орон сууц ашиглалтад оруулна гэж төсөл хэрэгжүүлэгч компаниуд төлөвлөгөө ирүүлээд байна. 

Үргэлжлүүлэн Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хийсэн мэдээлэлдээ, Барилга, хот байгуулалтын сайдын 2018.05.11-ний өдрийн 85 дугаар тушаалаар “Орон сууц” хөтөлбөрийн төслийг боловсруулах салбар дундын ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан. Ажлын хэсэг хөтөлбөрийн болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг эхний хувилбараар боловсруулж, 2018.08.24-ний өдөр тус яамны цахим хуудсанд байршуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудад яамны 2018.08.27-ны өдрийн 01/332 тоот албан бичгийг хүргүүлж, нийт 20 байгууллагаас санал авсан. Харин “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Барилга, хот байгуулалт болон Сангийн сайд нарт даалгасан. Энэ ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улын “Эксим” банкаар дамжуулан олгох 500.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Түрээсийн орон сууц”-ны сангийн нэмэгдүүлэлтэд зориулахаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Эксим банкны ажлын хэсэгтэй 2018 оны 3 дугаар сараас хамтран ажилласан бөгөөд төслийн бүх байршлуудаар дагуулан явж газартай нь танилцуулсан. Уулзалтын үеэр Буянт-Ухаа 2, Буянт-Ухаа 3, Эко яармаг-1 төслүүд зэрэг 8900 гаруй айлын сургууль, цэцэрлэгтэй орон сууцны цогцолбор төслүүдийг танилцуулсан бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байна гэлээ.

 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авахын зэрэгцээ саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тус Байнгын хорооны тогтоолын төслийг уншиж танилцуулав. Тус тогтоолд, нийслэлийн Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35-р байр, Чингэлтэй дүүргийн 9-р хорооны Цагаан байрны оршин суугчдаас ирүүлсэн өргөдөл, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, байруудыг нураан дахин барилгажуулах, оршин суугчдыг түр суурьшуулах болон шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Сангийн сайд /Ч.Хүрэлбаатар/, Барилга, хот байгуулалтын сайд /Х.Баделхан/, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /С.Батболд/ нарт үүрэг болгосон байна. Ингээд тус тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81,7 хувь нь дэмжлээ.

УИХ-ын гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарийг шинэчлэн баталлаа 

Хуралдаанаар үргэлжлүүлэн тус Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгыг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хийв. Тус тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарийг батлав. УИХ-ын гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарь шинэчлэн баталсантай холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 01 дүгээр сарын тогтоол хүчингүй болсон байна.

2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлав

Хуралдааны төгсгөлд Өргөдлийн байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэв. Төлөвлөгөөтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс үг хэлэх, саналаа илэрхийлэх гишүүн гараагүй тул тус төлөвлөгөө 100 хувийн саналаар дэмжигдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2018-10-24 14:24  480