Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа

  2019-10-01 15:43  342

    Улсын Их Хурлын  гишүүн Ц.Гарамжав Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр /2019.10.01/ УИХ-ын дарга Г.Занданшатарт  өргөн барилаа.1990 оны БНМАУ-ын Тэтгэврийн хуулиар хүүхдийн тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд олон байдаг юм. 2019 оны 4-р сарын 1-ний өдрийн байдлаар 21,1 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байна. Эдгээрээс 14,5 мянган нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3,8 мянга нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд байна. Эдгээр хүмүүс 2019 оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхгүй тэтгэвэр авч байгаа юм.

    Мөн УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилсан  Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийн тэтгэврийн асуудал хөндөгдсөн байна. Өнөөдрийн байдлаар 2,9 мянган эрэгтэйчүүд 32 жил ажиллан, 55 нас хүрээд тэтгэвэрт гарсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа иргэдийн 80,2 хувь нь буюу 17 мянган хүн улсын дундаж тэтгэвэрээс  /374,8 мянган төгрөг/ доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байна.

    Иймээс эдгээр иргэдийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх юм хэмээн хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Гарамжав онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


  2019-10-01 15:43  342