Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн 2012 оны 32 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Их Хурлын Дэд даргаар сонгох тухай , Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Ш.Түвдэндоржийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгох тухай, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг энэ дугаарт тус тус нийтэллээ.

Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Академич Б.Ширэндэв, Академич Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит шагнал олгох журмыг тус тус баталж, түүнд их эрдэмтдийн нэрэмжит шагналыг болзол, шагнал олгох хороодын эрх, үүргийг тусгажээ.

Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв болон аймгийн төвд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын III ээлжийн жагсаалтыг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалт батлах тухай тогтоолоор баталсан байна. Энэ тогтоолын хавсралтад заасан орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдтэй хэрэгжилтийг хангуулах гэрээ байгуулж  хамтран ажиллах ажээ.

Улаанбаатар хот болон төв, суурин газрын гэр хороололд амьдарч байгаа  иргэдийн усны үйлчилгээний үнийг тухайн орон нутгийн орон сууцанд амьдарч буй иргэдийн төлж байгаа хэмжээнд хүртэл бууруулахаар  Гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг хөнгөлөх тухай тогтоолыг гаргасан байна. Одоо мөрдөгдөж байгаа усны үйлчилгээний төлбөрийг бууруулснаар ус ханган нийлүүлэгч байгууллагад 2012 онд үүсэх алдагдлыг тооцон санхүүгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэхийг холбогдох яам, байгууллага, албан тушаалтанд энэ тогтоолоор үүрэг болгосон байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газраас баталсан байна. Тогтоолоор хилийн заагтай давхацсан алтны шороон ордын 124 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэхэмжилсэн нөхөх олговорт болон тусгай зөвшөөрлийн талбайд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн аудит хийлгэх арга хэмжээ авах ажээ.

Өмнөх давааны барилдаан дуусч, тухайн бөхийг ам авч барилдахаар зарласнаас хойш ам авах хугацаа 5 минутаас илүүгүй байна, Тогтоосон хугацаанд ам аваагүй бол цолны эрэмбээр дараагийн бөх авна гэсэн нэмэлт, Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулна гэсэн өөрчлөлтийг Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолоор оруулсан байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2013 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг тогтоосон  Зарлагын хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэллээ.

“Эрдэнэс МГЛ” ХХК-ийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэхээр Монгол Улсын иргэнд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудад тус тус нийтлэгдсэнийг энэ удаагийн дугаараас уншина уу.

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

 

2012 оны 8 дугаар сарын 28

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл