Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томиллоо

Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.08/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа танилцуулсан юм.

Улсын Их Хуралд олонхи болсон МАН-аас Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар хүргүүлсэн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилуулах саналаа УИХ-д танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Удирдлагын академи, Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн, Эдийн засгийн ухааны магисрт зэрэгтэй юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Г.Занданшатар, Я.Санжмятав, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ц.Нямдорж, Х.Баделхан, Ж.Батзандан, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар байр сууриа илэрхийлсэний дараа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 97.1 хувь нь дэмжин УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.

Үүний дараа Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат үг хэлсэн юм.

Тэрбээр, Монгол Улсын иргэдийн их итгэл, эрэлт хэрэгцээ, хүсэлт, хүлээлт дагуулсан, улс орон маань хямралт нөхцөл байдал нүүрлэсэн, хүндхэн энэ цаг үед, Ерөнхий сайдын албыг хаших болсноо гүнээ ухамсарлаж байна.

Ерөнхий сайдын албан үүргийг чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын иргэн, айл өрх бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг хямралт байдлаас ангижруулахын төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлье.

Шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүрэн эрхийн хугацаандаа, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа Монгол Ардын Намаас УИХ-ын 2016 оны сонгуульд дэвшүүлж, сонгогч олон түмний олонхийн дэмжлэгийг хүлээсэн мөрийн хөтөлбөрт, суурилах болно. УИХ-ын сонгуульд оролцсон бусад улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан тооцоо судалгаатай, бодитой хэрэгжихүйц зорилтуудыг манай Засгийн газар судалж анхааран харгалзах болно гэлээ.

Мөн Монгол Улсын эдийн засаг санхүүгийн хүчин чадал, иргэн айл өрх бүрийн ашиг орлогыг нэмэгдүүлж хямралт өнөөгийн нөхцөл байдлыг гэтлэн давж, Засгийн газрынхаа хөтөлбөрийн зорилго зорилт, төлөвлөж тунгааж буй ажил арга хэмжээгээ, бодит үр дүнд хүргэхийн тулд, улс орны гадаад дотоод нөхцөл байдал, иргэд олон нийтийн санал, хүсэлт, төрийн үйл хэрэгт нэгэн цаг үед хамтран зүтгэх Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэд судлаачдынхаа хамтын зөв хандлага, мэргэн оюун ухаанд тулгуурлан ажиллана хэмээсэн юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл