С.Батболд ардчиллын хямрал, ‘5G-гийн хувьсгал’-ын талаар үг хэлжээ

  2018-06-29 17:40  287

Зүүн төвийн үзэл баримтлал бүхий намуудын нэгдэл болох СоцИнтернийн хурал энэ  сарын 26-27-ны өдрүүдэд Женев хотноо боллоо. Тус хуралд УИХ-ын гишүүн, СоцИнтернийн дэд ерөнхийлөгч  С.Батболд  оролцов. Хурлын эхний өдөр  “Дэлхий даяар ардчилалд тулгарч буй сорилтууд эрх чөлөө, хүний эрхий асуудлууд” сэдвийн хүрээд УИХ-ын гишүүн С.Батболд үг хэлэв. Төлөөлөгчид "Дэлхий даяар ардчилалд тулгарч буй сорилтууд эрх чөлөө, хүний эрхий асуудлууд", “Цагаачлалын асуудалд хандах хандлага, дүрвэгсдийн өнөөгийн байдал” сэдвийн хүрээнд түлхүү ярилцсан байна.


УИХ-ын гишүүн С.Батболдын тавьсан илтгэлийг товчлон хүргэе.

-Өнөөдөр, Та бидний нүдний өмнө аж үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгалын техник технологийн хөгжил дэвшил нь хөдөлмөр эрхлэлт, улс төр, ардчилал зэрэг хүний нийгмийн үндсэн ойлголтуудыг бүхэлд нь өөрчилж байна. Таваас аравхан жилийн дараа гэхэд Нью-Йоркт байгаа эмч Йоханнесбургт мэс ажилбар хийх боломжтой болно. Улаанбаатар, Парис, Сантьяго хотуудад амьдардаг хүүхдүүд нэг виртуал танхимд, нэг  виртуал сургуульд хамтдаа суралцах боломж бүрдэнэ. Интернэт болон нийгмийн сүлжээ нь дэлхий даяар бүх биет болон газар зүйн хил хязгаарыг даван  амьдралд тогсон зарим  ойлголтыг өөрчилж, амьдралыг бүхий л талаас ардчилах болно. Эдгээр нь цаг үеийн өөрчлөлтийн хурдацыг илэрхийлэх цөөн хэдэн жишээ юм. Өөрчлөлтийн дүнд бий болох нийгмийн бүх талын даяаршил, ардчиллын үр дүн бидний таашаалд нийцэхгүй байлаа гээд өөрчлөлтийг бид зогсоож чадахгүй билээ. Энэхүү өөрчлөлтүүд зөвхөн эрх мэдэл бүхий байгууллагууд болон мөнгөнөөс шалтгаалах бус “5G”-гийн хувьсгалын үеийн технологийн дэвшлээс шалтгаалж буйг бид бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүний нийгэм үндсээрээ өөрчлөгдөж байгаа энэ үед бид шинээр тулгарч буй сорилтуудаа урьд өмнөхтэйгөө адилхан аргаар шийдэх гэж зүтгэхээ болих хэрэгтэй болжээ.

Жишээ нь, бизнес ба санхүүгийн урсгалд улс орны хилээр хязгаарлагдахаа больж,, газарзүйн байршлын ач холбогдолгүйгээр онлайнаар хийгдэж байна. Энэ бүхэнтэй дасан зохицож, шийдвэр гаргаж чадахгүй бол бидний төсөөлшгүй үр дүн гарах магадлалтай. Мөн нийгмийн сүлжээний платформууд ноёрхлоо тогтоосон монополиудыг задлан нийгмийг илүү нээлттэй болгож улмаар дэлхий даяар ардчиллын төлөв байдал дордож байна. Дэлхий нийтийн эдийн засгийн хямралаас хойш ардчиллын үндсэн үзүүлэлтүүд буурч байна. 2017 оны байдлаар Дэлхийн ихэнх хүмүүс ардчилсан нийгэмд амьдарч байгаа боловч 2.6 тэрбум хүн ам амьдарч буй 24 улс оронд ардчиллын үзүүлэлт буурсан тухай “Ардчилал” сэтгүүлд мэдээлсэн байна. Зарим судлаачид одоогийн нөхцөл байдлыг 'ардчиллын хямрал' гэж нэрлэдэг. Мөн 1960 оноос хойш ардчиллыг тогтоох 120 удаагийн оролдлого гарснаас 50 хувь нь амжилтад хүрээгүй байна.


Иймд нөхцөл байдлыг эергээр өөрчлөхийн тулд нэмэгдэж буй тэгш бус байдал, төрийн эрх мэдлийн ёс суртахуун болон төрийн бодлогын уналт, хүн төрөлхтний ирээдүйд заналхийлж буй байгаль орчны доройтол, шүүхийн хараат бус байдал, "хэвлэлийн эрх чөлөө" зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Хамгийн гол нь ардчиллын төлөө тэмцэх хүчнүүд нэгдмэл байх нь чухлыг тэрбээр онцлон хэлжээ.

УИХ-ын гишүүн С.Батболд 2012 оноос хойш СоцИнтернийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



  2018-07-01 17:39  287