Цэс

Холбоо барих

Авлигатай тэмцэх газрын даргаар Х.Энхжаргалыг томиллоо

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.08/ нэгдсэн хуралдаанаар Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Сонгуулийн ерөнхий хороо өчигдрийн хуралдаанаараа Сонгуулийн тухай болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн зохих заалтуудыг үндэслэн Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан юм. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр товлон зарлаж, сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар уг тогтоолын төсөлд тусгасан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Энхболд тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа хэлсэн юм.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, асуулт асууж, байр сууриа илэрхийсний дараа тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Авлигатай тэмцэх газрын даргаар Х.Энхжаргалыг томиллоо

Үүний дараа Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Хүрэлсүхийн Энхжаргал нь НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэжээ. Тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст Өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан бөгөөд одоо Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэнээр Авлигатай тэмцэх газрын даргаар Х.Энхжаргалыг томиллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл