Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсэг хуралдлаа

  2019-06-29 14:10  254

    Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд өнөөдөр (2019.06.29) хуралдаж байна. 

    Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн Ажлын дэд хэсгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан ахалж, бүрэлдэхүүнд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Энхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго,  референт Б.Золбоо нар ажиллаж байгаа юм. 


    Тус Ажлын дэд хэсгийн тав дахь буюу өнөөдрийн (2019.06.29) хуралдааныг доктор О.Мөнхсайхан даргалж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Энхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго,  референт Б.Золбоо нар оролцлоо. Мөн хуралдааны явцад томъёоллын асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхээр Томъёоллын ажлын дэд хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Б.Батчимэг оролцсон.    

    Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд, хуульч, судлаачдын санал болон байгууллагын саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд иргэд олон нийтэд төслийг танилцуулж, төсөлтэй холбоотой саналыг авсан. Мөн иргэд утсаар, цахимаар, шуудангаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой саналуудыг ирүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газар эдгээрийг нэгтгэн, 4 багцын дагуу ангилж  холбогдох Ажлын дэд хэсэг бүрт хүрүүлж байгаа. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор ирүүлсэн иргэдийн саналыг хуралдааны үеэр хэлэлцсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн болон хуульчид, судлаачдаас ирүүлсэн саналуудыг Ажлын хэсгийн ахлагч О.Мөнхсайхан, Улсын Дээд шүүхээс ирүүлсэн 5 саналыг Ажлын хэсгийн гишүүн М.Үнэнбат танилцуулав. 


    Өмнөх дөрвөн удаагийн хуралдаанаас гарсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн найруулж, төсөлд тусгах томъёоллыг эцэслэн, санал хураалт явуулахад өнөөдрийн хуралдаанд оролцсон Ажлын дэд хэсгийн гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Тодруулбал, шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгодог болохтой холбоотой төслийн заалтуудыг хэлэлцсэн. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүний томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг дээшлүүлэх, хараат бус хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой төсөл дэх заалтуудтай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүд, мэргэжлийн байгууллага, Улсын Дээд шүүхээс ирүүлсэн санал, тайлбар, үндэслэлийн талаар нэгбүрчлэн хэлэлцлээ. Ингэхдээ өнөөдрийн хуралдаанд оролцсон Ажлын дэд хэсгийн гишүүн бүрийн дээрх хүрээнд төслийн зүйл, заалттай холбоотой найруулгын болон зарчмын саналын талаарх тайлбар, үндэслэлийг сонсож, олон улсын сайн жишээ, бусад орны туршлагын талаар ярилцан дэлгэрэнгүй хэлэлцсэн юм. Төсгөлд нь Ажлын дэд хэсгийн саналуудыг нэгтгэсэн дүгнэлтийг Томъёоллын Ажлын дэд хэсэгт хүргүүлэхээр тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2019-06-29 16:47  254