Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан саналуудыг дэмжлээ

  2019-12-04 10:01  320

Морин уралдааныг цэгцлэхтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.12.04) хуралдаанаар эхлээд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Б.Баттөмөр, Б.Саранчимэг нар санаачлан боловсруулж, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлжээ.

Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.


Улсын Их Хурал 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталснаас хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулахад тулгардаг аливаа хүндрэлийг зохицуулах талаар 2007 оноос хойш нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байгаа. Гэтэл хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг, эрх зүйн үр дагавар бүхий актууд нь ойр ойрхон өөрчлөгдөж буйн улмаас уяачдад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсээр байна. Тухайлбал, монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасаж, олон арван уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох нь нэмэгдсээр байгаа тул баяр наадмаар монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах асуудлыг хуульд тодорхой тусгаж зохицуулах шаардлагын үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.


Мөн уяачдын амжилтыг үнэлэхдээ Үндэсний их баяр наадам, эсвэл Засгийн газрын шийдвэрээр хийж буй шигшмэл, бүсийн уралдааны амжилтыг харгалзан улсын цол олгохоор хуульчилсан атал хууль хэрэгжүүлэх явцад Үндэсний их баяр наадамд морь нь түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол хавтгайруулан олгох болсон нь улсын цолны үнэлэмжийг бууруулж байгаа тул улсын цолны шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.

Түүнчлэн унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулах зорилгоор баяр наадмын хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх, уралдааны аюулгүй байдал, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор морь дагах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Мөн өвөл, хаварт ил, далд хэлбэрээр явагддаг олон уралдаан, сунгааг нэг мөр цэгцлэх зорилгоор зөвхөн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулах бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд шигшмэл, бүсийн хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахыг хориглохоор тусгасан байна.


Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү, С.Бямбацогт нар төсөл санаалчагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан баяр наадам нь ёс зүй болоод заншлын хэм хэмжээний нийлбэр цогц юм, тиймээс бүх зүйлийг хуульчлах гэх нь учир утга муутайг бодолцох ёстой. Гэхдээ “сэрвээний өндөр” гэсэн зохицуулалтыг байж болох юм гэж үзэж байна гээд хэлэлцүүлгийг шатанд төслийг хууль зүйн талаас нь анхаарах шаардлагатайг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Хаянхярваа нар үг хэлж, төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Эцэст нь төсөл санаачлагч гишүүн Х.Болорчулуун морин уралдаан нь зөвхөн уяачид, уяачдын холбооны асуудал биш үндэсний өв соёл, баяр цэнгэлтэй холбоотой асуудал юм. Иймээс морин уралдааныг цэгцтэй, маргаан хэл амгүй зохион байгуулах, уяачдын хөдөлмөрийг бодитой үнэлэх зүй ёсны шаардлагын үүднээс уяачдын холбооны их хурлаас гаргасан санал, санаачлагын үндсэн дээр хуулийн төслийг боловсруулсныг дурдаад төслийг дэмжихийг гишүүдээс хүсэв.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

Түүх, соёл уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ


Дараа нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулав. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг гурван удаа, ажлын дэд хэсэг найман удаа хуралдаж хуулийн төслийн талаарх саналаа нэгтгэн нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 59, найруулгын гурван санал гаргажээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй 7 санал гаргасан байна.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар нэг бүрчлэн санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг “өргөн нэвтрүүлэг” гэж радио, телевизийн хөтөлбөр бэлтгэх, тэдгээрийг нэгтгэн харилцаа холбооны сүлжээ, төхөөрөмжөөр нэг цэгээс олон нийтэд нэгэн зэрэг хүргэхийг” гэж, 4.1.5 дахь заалтыг “радио, телевизийн үйлчилгээ” гэж өөрийн редакцид хөтөлбөр бэлтгэн харилцаа холбооны сүлжээнд холбогдож, олон нийтэд түгээх үйлчилгээ” гэж, 4.1.7 дахь заалтыг “арилжааны радио, телевиз” гэж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх радио, телевизийн үйлчилгээ” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжив. Мөн өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд олгох, ингэхдээ тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулах, харин гадаадын хөрөнгө оруулагч бүхий хуулийн этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоор тогтов.


    Төслийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг хуулийн этгээд нь радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ гэсэн үйлчилгээний гурван төрлөөс зөвхөн аль нэг тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж болохоор өөрчлөн найруулахыг дэмжив. Төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телелизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаар дамжуулан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх, үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэж хүргэх, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх санал дэмжигдлээ.   

Мөн төслийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг “Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээний ашиглалтыг төр хариуцах бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийг энэ хуулийн 29.1.5-д заасныг баримтлан үнэ төлбөргүй дамжуулна” гэж, төслийн 23 дугаар зүйлийн 26.6.5 дахь хэсгийг “өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн хөтөлбөрт эзлэх үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг” гэж өөрчлөн найруулахаар болов. Түүнчлэн радио, телевизээр дамжуулах аливаа хэлбэрийн зар сурталчилгааны хязгаарлалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат, теле-худалдааны нэвтрүүлгийн талаарх зохицуулалт хийхтэй холбогдсон журмыг Зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавих, радио, телевиз  эрхлэгчид нь Зар сурталчилгааны тухай хуулиар хязгаарласан сурталчилгаа бэлтгэж, нэвтрүүлэхийг хориглох саналыг дэмжлээ.   

Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан найруулгын саналууд болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч намын бүлэг, зөвлөл болон гишүүдэд хуулийн төсөлтэй танилцаж уншиж судлах боломж олгох үүднээс гишүүдээс гаргасан горимын саналын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав. Байнгын хороо маргааш хуралдаж, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.      


  2019-12-04 16:52  320