Цэс

Холбоо барих

Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томиллоо

    УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.02) үдээс өмнөх хуралдаан 10 цаг 18 минутад 60 хувийн ирцтэйгээр эхэлж, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтов. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Билэгт, О.Баасанхүү нар бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүчирхийллийн нөхцөл байдлыг талаар үг хэлж, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлогыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авах шаардлагын талаар санал хэллээ. 


    УИХ-ын дарга гишүүдийн байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлээд “Хүүхэд хамгааллын асуудал бол нэн чухал. Энэ парламент ярьдаг биш ажилладаг парламент баймаар байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах гэмт хэргийн нөхцөлийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад асуулга тавьсан. Энэ асуулгын хариу ирсэн бөгөөд  ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа” гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүд тодорхой нэг асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, холбогдох бүх талуудыг оролцуулан мэдээлэл авах эрх зүйн боломж бий гэдгийг хэлсэн. Чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг тогтоохдоо Байнгын хороодын хуралдаанаар шат, шатны хэлэлцүүлэгт бэлтгэгдсэн төслүүдийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн тогтдог гэдгийг Г.Занданшатар дарга хэлээд “Хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар Хууль зүйн байнгын хорооны даргатай ярилцсан. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг холбогдох Байнгын хороо хэлэлцэхээр ажиллаж байна. Үүн дотор хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлууд багтсан байгаа. Нээлттэй сонсгол зохион байгуулахдаа батлагдсан дэг, журмын дагуу бэлтгэл хангах ёстой. Улсын Ерөнхий прокурорыг томилохдоо УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн хэрэгжилт, эрүүгийн нөхцөл байдлын талаарх тайланг бэлтгэж УИХ-д танилцуулах чиглэл өгсөн. Хууль зүйн байнгын хороогоор  эдгээр тайланг зэрэгцүүлэн хэлэлцэж, нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн” гэв.

    УИХ-ын гишүүн М.Билэгт малын хулгайтай тэмцэх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гэдэг саналыг хэлсэн. Энэ төрлийн эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээгүй байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дуулгаад УИХ-ын гишүүд холбогдох төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэн, хэлэлцүүлэх боломж нээлттэй бий гэдгийг хэлэв. УИХ-ын гишүүн Я.Санжмятав хэлэлцэх асуудлын эхэнд Түр хорооны даргыг томилох тухай асуудлыг оруулах горимын санал гаргасны дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 67.3 хувь нь дэмжсэн. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоов. 

Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонгов

    Хуралдаанаар “Түр хорооны даргыг сонгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Түр хорооны өчигдрийн хуралдаанаар түр хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тус түр хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. Энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. 


    Түр хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Учрал нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг түр хорооны даргаар сонгохыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэн. Иймд “Түр хорооны даргыг сонгох тухай” УИХ-ын тогтоол батлагдаж, эцсийн найруулгыг сонслоо. 

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Дараа нь Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.” гэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус  томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нэгдсэн хуралдаанд танилцууллаа.


    Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь дээрх бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийгдэх зохицуулалтыг тэрбээр танилцуулгадаа дурдсан. Нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжлэх зохицуулалтын талаар мөн дурдав. 

    УИХ 2011 оны 11 сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Авилгатай тэмцэх газрын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа эхэлж, хуулийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэхээр тогтсон байна. Харин Н.Ганболд, Б.Хурц нар албан тушаалын бүрэн эрх дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр УИХ-ын 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга ийнхүү чөлөөлөгдсөнөөр хуулийн дагуу нөхөн томилгоо хийх шаардлага үүсч, УИХ-ын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр УИХ-ын 30 дугаар тогтоолоор Ц.Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан УИХ-ын 07 дугаар тогтоолоор Х.Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус нөхөн томилжээ. Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

    Тэрбээр “Нийгэмд шударга ёс алдагдаж, авилга хүнд суртал гаарсныг иргэд шүүмжилж, энэ гажуудлыг таслан зогсоож, тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллага хангалтгүй ажиллаж байгаад холбогдох байгууллага, албан тушаалтнууд зохих ёсоор анхаарч, Авилгатай тэмцэх газрын хууль зөрчин ажиллаж байгаа удирдлагуудыг солих, авилгатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хуулийн байгууллагуудыг үр дүнтэй шударга ажиллуулах тал дээр дорвитой арга хэмжээ авахыг шаардсаар байгаа юм. Иймд Авилгатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулахаар санал болгосон Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв. 

    Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар санал болгож буй Зандраагийн Дашдаваа нь 45 настай. 1982-1992 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг дүүргэн эрх зүйч мэргэжил эзэмшжээ. Тэрбээр 2004-2005 онд Удирдлагын академид удирдлагын магистр, 2008-2010 онд Монголын Үндэсний Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан байна. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. З.Дашдаваа нь төрийн албанд нийт 25 жил ажилласан бөгөөд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгчөөр 6 жил, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн даргаар 3 жил, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар 2 жил, Цагдаагийн ерөнхий газарт хэлтэс, тасгийн даргаар 6 жил, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захиралаар 3 жил, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар 1 жил ажиллаж Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар 2 дахь жилдээ ажиллаж байгаа гэв. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” байх шаардлагыг заасан байдаг бөгөөд З.Дашдаваа нь эдгээр шаардлагыг бүрэн хангаж байгаа гэлээ. 


    Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилуулахаар санал болгож буй Жанжаагийн Батсайхан нь 50 настай. Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг 1987 онд төгсөж, 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн 1999-2000 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны менежер чиглэлээр, 2002-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академийг Дотоод явдлын яамны их дээд сургуулиудын сургагч мэргэжлээр тус тус төгссөн. 2006 онд тус сургуульдаа хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр төрийн албанд нийт 22 жил ажиллажээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасагт 9 жил, Тагнуулын ерөнхий газрын 6 дугаар газарт 2 жил, Авлигатай тэмцэх газарт 9 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус ажиллаж байжээ. Энэ хугацаандаа тусгай хүчний үйл ажиллагааны чиглэлийн үндэсний аюулгүй байдлын чиглэлийн сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлжээ.  Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” байх шаардлагыг заасан байдаг бөгөөд Ж.Батсайхан нь эдгээр шаардлагыг бүрэн хангаж байгаа юм байна.  

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Үндсэн хуулийн үзэл баримтлалаар төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг тогтоосон байдаг, энэ хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил бол Засгийн газрын үндсэн үүрэг. Засгийн газрын тухай холбогдох хуулиудад ч ингэж зохицуулагдсан байдгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлсэн. Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал нь дээрх зарчмын дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд багтах тул Авлигатай тэмцэх газрын статусыг эргэж харах шаардлага бий гэдэг саналыг тэрбээр хэлж байв. Авилгатай тэмцэх газрын үйл ажиллагааг зохих ёсоор нь чиглүүлж, улс төрөөс ангид, хариуцлагатай, үнэнчээр ажиллахыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Эрүүгийн хуулийн концепцыг бүрэн дүүрэн ашиглан үйл ажиллагаагаа явуулахыг хэлж байв. Төрийн үйл ажиллагааг нээлттэй болгох, цахим шилжилт хийснээр төрийн хүнд суртал, авилгын асуудал буурна гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцолж, тодорхой жишээ баримт дурдсан. Ийнхүү гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа нь санал хураалт явууллаа. Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдавааг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6 хувь нь, Х.Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.3 хувь нь дэмжлээ. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь, Ц.Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.3 хувь нь дэмжлээ. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн хуралдаанаар батлагдсан УИХ-ын тогтоолуудыг уншиж танилцуулан, эцсийн найруулгыг сонссон. 

    Нийгэм ард түмэн шударга ёсыг хүсэн хүлээж байгааг УИХ-ын дарга цохон тэмдэглээд “Төрийн үйл ажиллагаа цэгцэрч, хууль ёс алагчлалгүй тэгш, шударга үйлчилдэг болохыг хүсэн хүлээсэн ард түмний хүлээлт бий. Монгол Улс цэгцэрч, хөгжлийн замдаа орох болов уу гэсэн найдвар, шударга ёсыг хүссэн асар их хүлээлт байна. Энэ хүлээлтэд хариулж, улс төрөөс ангид, улс төрийн захиалгагүй, гагцхүү хууль ёсыг дээдэлж, үүрэгт ажлаа үнэнч шударгаар ёс зүйтэй гүйцэтгэхийг УИХ-ын гишүүд захиж байна. УИХ түүхэндээ анх удаа томилгооны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж, Та бүхэн ард түмний шүүлтүүрээр орсон. Төрийн шүүлтүүрээр томилогдож байна. Төр, ард түмнийхээ энэ итгэлийг дааж ажиллаарай. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй комиссар Х.Энхжаргал өнгөрсөн хугацаанд олон чухал ажлыг шийдэмгий, үр дүнтэй гүйцэтгэж ирснийг харъяа байгууллагын хувьд УИХ онцлон тэмдэглэх нь зүйтэй. Тодорхой асуудлууд дээр санаачилгатай, зоригтой ажилласан гэдгийг иргэд, УИХ-ын гишүүд хэлж байсныг энд хэлье. 


    Өнөөдөр томилогдсон Та бүхнийг ажил авснаас хойш жилийн дараа ажлын үр дүнгийн сонсох нээлтэй сонсгол зохион байгуулах болно. Хууль ёс дээрээсээ эхэлж, үлгэрлэх ёстой. Ийм учраас УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн найруулахдаа санал авахаар Авилгатай тэмцэх газрын шинэ удирдлагуудад хүргүүлж байна. УИХ-ын гишүүд аливаа зээл, тендэр, бизнесийн ашиг сонирхол бүхий ямар нэг үйл ажиллагаанд оролцохыг хатуу хориглоно. Ийм тохиолдолд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргадаг, шалгуулдаг байх зохицуулалт бүхий дүрмийн төсөлд санал авахаар Авилгатай тэмцэх газарт хүргүүлж байна. Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг шинэчлэн боловсруулаад бэлэн болгосон, удахгүй өргөн мэдүүлнэ. Үүнд УИХ-аас эхлэн төрийн бүх шатны албан тушаалтан, албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглахыг хатуу хориглож, үүнээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий зохицуулалтуудыг тусгасан. Энэ бүхэнд төрийн эрх барих дээд байгууллага үлгэрлэж, энэхүү шинэ зарчимд анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүд, төрийн нийт албан хаагчдад уриалж байна. Монгол төр төрт ёсны зарчмаар ард түмэндээ ээлтэй үйл ажиллагааг явуулах ёстой" гэлээ. 


    Төгсгөлд нь УИХ-ын дарга Г.Занданшатар Авилгатай тэмцэх газрын даргаар томилогдсон З.Дашдаваа, дэд даргаар томилогдсон Ж.Батсайхан нарт өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль дээдлэх болон шударга ёсны зарчимд нийцүүлэн ажиллахыг сануулж, амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл