Цэс

Холбоо барих

ТБХ: Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.22) цахим хуралдаан 14 цаг 40 минутад гишүүдийн 66,6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 

    Хуралдааны эхэнд  Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

    Хуулийн төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар хүн амын дунд тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархалтыг хязгаарлах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох, тодорхой үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас түрээслэгч, түрээслүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, орлого тасалдах, улмаар дотоодын худалдаа, үйлчилгээ хумигдах, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй байна. Иймд үүсэж буй нөхцөл байдалтай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөлд Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, 2020 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр тусгасныг дурдав. 

    Хуулийн төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй бизнесийн үйл ажиллагаанд нь хүндрэл учирч буй түрээслэгч түрээсийн төлбөрөө бууруулж иргэд, аж ахуйн нэгжүүдийн түрээсийн төлбөрийн ачаалал буурч, улмаар бизнесийн орчин, эдийн засагт дэмжлэг үзүүлэх болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна. 

    Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, үг хэллээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Энэ арга хэмжээг өмнө нь 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сар хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлсэн. Ингэхэд нийтдээ 3400 түрээслэгчийн 18,7 тэрбум төгрөгийн түрээсийн төлбөрийг бууруулсан байдаг. Нийт 53 түрээслүүлэгч энэ хөнгөлөлтийг эдлэхээр татварын байгууллагад хандсан бөгөөд 2020 онд эдийн засгийн өсөлтийг -5,5 хувь гэж үзэж байна. Сангийн яаман дээр төсвийн орлогыг сайтар тооцож үзэхэд өнөөдрийн байдлаар 700 орчим тэрбум төгрөгөөр тасрахаар байна гэж тодотгов.   

    Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8  хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 


Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг  хэлэлцэхийг дэмжив

    Хуралдаан Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

      Хуулийн төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүсэхээр байна. Улмаар эдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний албан татварын өр төлбөр, алданги, торгууль хуримтлагдах нөхцөл байдал бий болох эрсдэлтэй байна. Иймээс үүсэж буй нөхцөл байдалтай холбогдуулан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсрууллаа. Энэ 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан, төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан гэж дурдав.

     Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн хугацаандаа төлөөгүй албан татварт алданги, торгууль тооцохгүй болж, татварын өр хуримтлагдах нөхцөл байдлаас сэргийлэх, татварын ачааллыг бууруулах, эдийн засгийг идэвхжүүлэхэд дэмжлэг болно гэж төсөл санаачлагчид үзжээ. 

    Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Батжаргал нар  асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээс дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөж байгаатай холбогдуулан томоохон уул уурхайн компаниудыг Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөлд хамруулахгүй байх тодорхой хязгаар тогтоосон эсэх, татварын алданги, торгууль ногдуулахгүй тохиолдолд татвараа цаг тухайд нь төлүүлэх, төсвөө хэрхэн бүрдүүлэхээр тооцож байгааг тодрууллаа. 

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,  хуулийн төсөлд бүх аж ахуйн нэгжүүдийг жигд хамруулахаар тусгасныг онцлоод, аж ахуйн нэгжүүд 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлнө. Гэхдээ цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги, торгууль ногдуулахгүй байх боломжийг л энэ хүнд цаг үед аж ахуйн нэгжүүддээ олгож байгаа гэв. Мөн тэрбээр өмнөх татварын алданги, торгуулиас чөлөөлөх, аж ахуй нэгжийн орлогын албан татварыг тэглэсэн хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийт 356 мянган татвар төлөгчийн 90 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алданги торгуулийг хойшлуулсан гэж хариулж байлаа. 

    Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. 

    Хуулийн төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав. 

  Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал дэгдэж, хүн амын дунд өвчний тохиолдол гарсантай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүчээр хангах, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн болон хот, суурины усан хангамж зэрэг 18 чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй байх нөхцөл үүсээд байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоол батлагдсан бөгөөд уг тогтоолоор хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулж, тайлагнасан боловч төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцох алданги, торгуулиас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу уг хуулийн төслийг боловсруулсныг танилцуулгад дурдав. 

    Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлж ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх бөгөөд уг хуулийн үйлчлэлд 10.0 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, 30.0 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо хийсэн гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа. 

    Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал үг хэлсэн. 


Байнгын хорооны дарга Б.Жавхлан татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алдангиас чөлөөлөх хуулийн төслүүдтэй холбогдуулан өмнө нь хэрэгжсэн хуулиудын үр дүн, хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуй нэгжийн хүрээ, хэчнээн ажлын байр хадгалагдсан, иргэдийн орлоготой байх нөхцөлийг хэр бүрдүүлсэн зэрэг тодорхой мэдээллүүдийг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бэлтгэж, Байнгын хорооны энэ долоо хоногийн пүрэв гарагийн хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулах үүрэг өглөө.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн   71.4 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл