Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг хуралдлаа

  2019-06-29 17:05  212

   

    Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд өнөөдөр (2019.06.29) хуралдлаа.

    Энэ хүрээнд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатараар ахлуулсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг хуралдаж, Улсын Их Хурлын гишүүдтэй хийсэн уулзалт болон иргэдээс ирүүлсэн хамгийн олон давтамжтай  4 саналыг төсөлд тусгах асуудлыг хэлэлцэв. Тухайлбал,  УИХ-ын гишүүд  болон иргэд, олон нийтийн зүгээс Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлж,  эгүүлэн татах  асуудлыг нэмж тусгах, байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчмыг төрийн бус нийтийн эрх ашигт нийцүүлэх шаардлагатай гэсэн саналыг олонтаа ирүүлсэн байна.


    Иймд төслийн  Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулах, өгүүлбэр нэмэх зарчмын зөрүүтэй саналыг Дэд ажлын хэсгийн гишүүд  олон талаас нь  ярилцаж, нэг бүрчлэн хэлэлцсэн юм. 

Дэд  ажлын хэсгийн гишүүдийн зүгээс төслийн 25.1.4-д Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэх, эсхүл зарлага нэмэгдүүлэхийг хориглоно гэдэг хэсгийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төсвийн хяналтыг хэрэгжүүлэх болон байгалийн баялгийг тэгш, шударга хуваарилах асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, төслийн саналыг өөрчлөх талаар хэлэлцэв. 

    Энэ талаарх Дэд ажлын хэсгийн саналыг Томъёоллын ажлын дэд хэсэгт хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2019-06-29 16:41  212