Цэс

Холбоо барих

ҮББХ: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.28) хуралдаан 19 цаг 40 минутад 53.3 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал даргалан явууллаа. 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийг хийх явцад ажлын хэсэг болон байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэн тул хуулийн зохицуулалтыг тодорхой болгох зорилгоор Байнгын хорооноос Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслүүдийг санаачлан боловсруулах шаардлага үүссэн. Үүнд:

(1) Хуулийн төсөлд ажлын хэсэг болон байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд болох төслийн 5.1 болон 5.2 дахь хэсгүүд дэмжигдсэнтэй холбогдуулан Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг боловсруулах, баталгаажуулах, барилгын ажилд ашиглах олон улсын норм, дүрэм, стандарт, барилгын ажлын зөвшөөрөл олгохтой холбогдсон зохицуулалтуудыг Барилгын тухай хуульд нэмж оруулах; 

(2) Хуулийн төслийн 6.4, 6.5, 6.6 дахь хэсэгт ажлын хэсэг болон байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнтэй холбоотойгоор газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрт Засгийн газраас давуу эрхээр талбай олгох, тус талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах шаардлагаар Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус шинээр боловсруулах шаардлага үүссэн.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, Монгол Улс түлш шатахууны импортын хараат байдлаас гарч, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, гадагш урсах валютын хэмжээг бууруулж, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих боломж бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулахаар тогтлоо.

Үргэлжлүүлэн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр нь хэлэлцэнэ” гэж заасны дагуу дөрвөн зүйл бүхий Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Төсөлтэй холбогдуулан асуулт, саналтай гишүүн байгаагүй тул Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь гурван зүйл бүхий Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсад олон улсын том төслүүдийг хэрэгжүүлэхэд барилга, зураг төсөл, барилгын мэргэжлийн гүйцэтгэлтэй холбоотой асуудалд туршлага дутагддаг учраас хуулийн төслийг боловсруулахдаа Барилга, хот байгуулалтын яамнаас санал авсан эсэхийг тодруулав. Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд олон улсын норм, стандартыг мөрдөх, зураг төсөл боловсруулж батлуулах, барилгын зөвшөөрөл авах талаарх зохицуулалтыг тусгасан. Хуулийн төсөл боловсруулах дэд ажлын хэсэгт Барилга, хот байгуулалтын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөллийг оролцуулж, хамтран ажилласан гэдгийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг төслийг батлахад дагалдах хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлага байгааг онцлоод Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл