Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-08-07 10:08 Уншсан: 50

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 29 дэх дугаарт Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг нийтэлжээ.

Энэ хуулийн зорилт нь төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж буй юм.


Энэ хууль Монгол Улсын иргэн 15-34 насны залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд үйлчлэх бөгөөд төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих чиглэл, Залуучуудын боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, хувь хүний хөгжлийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аюулгүй амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх асуудлыг хуульчилсан байна.   

Түүнчлэн залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ Залуучуудын хөгжлийг дэмжих сантай байхаар хуульд тусгажээ.

Дээрх хуулийн хамт Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг баталсан бөгөөд дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн жилд төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна хэмээн заажээ.

Мөн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийн тусгайлан тогтоосон цагтай байхаар, Эрүүл мэндийн тухай хуулиар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь оюутан, сурагчдад  харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Үүсгэсэн: 2017-08-23 10:08

Хуралдааны тов