УИХ-ын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Пер Андерс Сунессоныг хүлээн авч уулзлаа

  2019-09-16 15:53  326

Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар өнөөдөр /2019.09.06/ Швед Улсын Гадаад хэргийн яамны Хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Пер Андерс Сунессоныг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд  тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Пер Андерс Сунессон УИХ-ын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатарт цаг гарган хүлээн авч уулзсанд талархаж буйгаа илэрхийлээд, олон улсын тавцанд “Швед улсын загвар” гэж нэрлэгддэг, биеэ үнэлэх, түүнийг худалдан авахыг завдагчдад эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалтын талаар танилцуулсан. Эрчүүд болон эмэгтэйчүүдийн хооронд эрх мэдэл тэгш бус байгаагийн хамгийн муу илрэл нь биеэ үнэлэх байдал бөгөөд энэ нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, тэднээс ийм үйлчилгээ авч буй хүмүүст биш, харин нийгэмд бүхэлд нь нөлөөлж байна хэмээн үзэж Швед улс 1999 онд хууль батлан биеэ үнэлэлттэй холбогдон гарч буй асуудлыг зохицуулах болжээ. Уг хууль нь биеэ үнэлэх явдалд оролцсон бүх хүмүүст хамаатай бөгөөд бэлгийн шинжтэй үйлчилгээ худалдан авагч нарыг онилдгоороо онцлог аж.

УИХ-ын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, хүний наймаа, бэлгийн мөлжлөгтэй тэмцэх асуудлыг Монгол Улсын төр, засгийн шийдвэр гаргах түвшинд анхаарч буйг онцолсон. Тэрбээр, нийгэмд зөвхөн биеэ үнэлэгчдийг буруутгах хандлага илүүтэй байдгийг дурдаад, эдгээр хүмүүсийн эрхийг хамгаалж, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан, худалдан авсан хүнд хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн үздэгээ илэрхийлсэн. Мэдээж үүний тулд биеэ үнэлэлттэй холбоотой нийгмийн хандлагыг өөрчилж, хүний эрхийг дээдлэх ёстой гэдгийг онцлов.

Уулзалтын үеэр хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг хуульчилсан Шведийн туршлага, түүнийг олон улсын хэмжээнд хэрхэн дүгнэж буй талаар харилцан ярилцаж санал солилцлоо. Уулзалтанд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2019-09-16 18:09  326