Цэс

Холбоо барих

Авто замын салбарын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсов

    УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.10.19) үдээс хойших нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин авто замын салбарын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл танилцууллаа. 

    Манай орны хувьд нийт ачаа тээвэрлэлтийн 57.8 хувийг, зорчигч тээвэрлэлтийн 98.4 хувийг авто замын тээврээр гүйцэтгэдэг бөгөөд авто замын тээврийн хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байгааг мэдээллийн эхэнд хэллээ. Монгол Улс нийт авто замын сүлжээ 112,414.2 км. Үүнээс 15,2 мянган км  зам нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаарч, тус сүлжээний 42 хувь буюу нийт 6,5 мянган км нь зам нь хатуу хучилттай автозам байдаг байна. 

    Засгийн газрын зүгээс холбогдох бодлогын баримт бичигт тусгагдсан олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх зорилтын хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг Шадар сайд дурдав. Энэ хүрээнд баруун 5 аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох 1030.2 км авто замын бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж байгаа. Үүнээс 2018 онд 345 км авто замыг ашиглалтад оруулж үлдэж буй 685 км авто замыг 2019 онд ашиглалтад оруулах аж. Олон жилийн туршид үргэлжилж, улс орон нутгийн төсөв, гадаад орны зээл тусламж зэрэг олон талын хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлж ирсэн Монгол Улсын 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох стратегийн зорилт 2020 онд бүрэн хэрэгжсэнээр хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдрал, тухайн орон нутгийн бизнес эрхлэлтийн орчинд чухал ач холбогдолтой гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо.  

Бага зардлаар аль болох урт зам тавих зорилтыг хэрэгжүүлж ирсэн ч цаашдаа чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах олон улсын жишигт ойртсон хийц, бүтэцтэйгээр авто замыг төлөвлөх, барьж байгуулах зорилтыг Засгийн газар дэвшүүлэн ажиллаж байгаа гэв. 


    Үргэлжлүүлэн тэрбээр авто замын дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл танилцуулсан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 км, 2 урсгал 6 эгнээтэй, 2 үе, 10 см хучилтын зузаантай анхны хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэн, холбогдох техникийн шаардлагын дагуу замын тэмдэг, тэмдэглээ зэрэг ажлуудыг бүрэн гүйцэтгэж ирэх 2019 оны 1 дүгээр улиралд бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад хүлээн авна. Энэ автозамын үндсэн хийц, автозамын хучилтын ажлуудыг ирэх сард дуусгах юм байна. Мөн Азийн авто замын сүлжээний АН3 чиглэлийн авто замын хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2 урсгалтай, 4 эгнээ бүхий 2 үетэй 10 см хучилттай авто зам болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг гарган 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр холбогдох бэлтгэл ажлыг хангаад байгаа гэв. 

    Монгол Улсын автозамын сүлжээг хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд тэргүүн ээлжинд аймгийн төвүүдээ нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавин ажилласан бол дараагийн үе шатны “Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих үйлдвэрлэл, аж ахуйг дэмжих, нийслэл, орон нутгийн ард иргэдийн ая тухай амьдрах нөхцлийг бүрдүүлэх авто замын сүлжээг хөгжүүлэх“ зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал ОХУ, БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд Азийн авто замын сүлжээг ашиглан олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээрийг 2016 оны 12 дугаар сард байгуулсан. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын авто тээвэрлэлтийн үр ашигтай, аюул осолгүй байдлыг хангахад авто замын дэд бүтцийн бэлэн байдлыг сайн хангасан байх шаардлагатай. 


    Монгол Улс авто замын сүлжээгээ олон улсын стандартад нийцүүлэх зорилтын хүрээнд Азийн авто замын сүлжээний АН 4 хэсэг буюу баруун бүсийн босоо тэнхлэгийн нийт 756 км авто замаас үлдэж байгаа хэсэг болох Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлийн 189.7 км авто замын 103 км-ыг 2018 онд, үлдэж буй 85.7 км авто замыг 2019 онд ашиглалтад  оруулахаар төлөвлөөд байгаа аж. 

    Нийслэл, орон нутгийн хөгжлийн дэмжих, ард иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх хүрээнд нийслэл, орон нутгийн чанартай авто замын хөгжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал 2018 онд нийт 35.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

    Ө.Энхтүвшин сайд салбарын эрх зүйн шинэчлэл, холбогдох дүрэм журмуудыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Авто замын салбарын тогтвортой, үр дүнтэй хөгжлийг хангах хүрээнд Төрөөс авто замын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлж байгаа аж. Бодлогын энэ баримт бичгийг баталснаар  авто замын сүлжээг хөгжүүлэх, авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах, чанар стандартыг дээшлүүлэх, хууль эрх зүйн орчин, байгууллага институцийн тогтолцоо, менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх зэрэг бодлого, чиглэл тодорхой болно гэж үзэж байгаа аж. 

    Мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж дүгнэлт танилцуулан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс авто замын арчлалт, 2019 оны нэгдсэн төсвийн төсөл дэх авто замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, зарим болон нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх ажлын явцын талаар илүүтэй тодруулав. 


    Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын урт нэмэгдэж ая тухтай зорчих нөхцөл бүрдэж байгаа хэдий ч нөгөө талаар авто замын бэлэн байдлыг хангахад шаардагдах байнгын засвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргах асуудал чухлаар тавигдаж байгааг хэллээ. Өнөөдрийн байдлаар улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээний 29 хувьд нь ээлжит засвар, 20 хувьд нь их засвар, шинэчлэлтийн ажил хийх хугацаа болсон, зайлшгүй засварлах шаардлагатай байгаа аж. Мөн авто замын засвар, арчлалтын ажлыг жил бүр санхүүжилтийн асуудлаас шалтгаалан нормативт хугацаанд нь зохих түвшинд хангалттай хийж гүйцэтгээгүйгээс тухайн авто зам, гүүрийн ашиглалтын байдал улам бүр муудаж, эвдрэл даамжирч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа гэв. Өнгөрсөн хугацаанд жилд дунджаар нийт шаардагдах хөрөнгийн 36 хувь буюу 20 тэрбум төгрөгийн хөрөнгийг засвар арчлалтын ажил зарцуулж байсныг нэмэгдүүлж 2019 онд 30 тэрбум төгрөгийн хөрөнгийн зарцуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Энэ нь нормативаар жилд зарцуулах шаардлагатай 55 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 54.5 хувьтай тэнцэхүйц байгаа. Цаашид энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх шаардлага байгаа мөн хэлсэн. Ирэх жилээс Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгохоор төлөвлөөд байна. Одоо байгаа зорчиж байгаа хэсгийг Дэлхийн банкны төслөөр шинэчлэх бол нэмэлт эгнээг Азийн хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөн яриа хэлэлцээрийг хийж байгааг Я.Содбаатар хэллээ. Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр их завсар, арчлалт хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Авто замын бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг Я.Содбаатар сайд дэлгэрэнгүй танилцуулав. 2017 онд улсын чанартай 674 км, орон нутгийн чанартай 146 км автозамыг шинээр ашиглалтад оруулжээ. 


    УИХ-ын гишүүдийн тодруулсны дагуу Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор хийж буй бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өгөв. Нийслэлийн гол гудамж зам, төмөр зам дээгүүр гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барихаар төлөвлөсний дагуу нийт дөрвөн томоохон олон түвшний огтлолцол, гүүрэн гарцын барилгын ажлуудыг БНХАУ-ын Засгийн газрын  хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа юм байна. “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах”, “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” болон “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 уртааш метр төмөр бетон гүүр” болон “Сонсголонгийн 289.4 уртааш метр төмөр бетон гүүрийг шинээр барих” төслүүдийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг 2017 онд эхлүүлсэн. Эдгээр төслийн ажлыг 2019 онд ашиглалтад оруулж, “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт”-ийн төслийн барилгын ажлыг 2019 онд хэрэгжүүлж эхлүүлээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл