Соёл урлагийн салбарт ажиллагсдын нийгмийн асуудал орхигджээ.

  2013-05-22 00:00  321

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга М.Алтанцэцэг, Соёлын төв өргөөний захирал Б.Байгалмаа тэргүүтэй соёл урлаг, спорт, номын сангийн байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр соёл урлаг, спортын салбарт хийгдэх шаардлагатай хууль, эрх зүйн шинэчлэл, хөдөлмөр, нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлаар харилцан ярилцаж, санал солилцов.Уулзалтад оролцогчид тухайн салбарт ажиллагсдын цалин хөлс доогуур, ур чадварын нэмэгдэл, уран бүтээлийн шагнал олгодоггүй, ажиллах нөхцөл хүнд, хөдөлмөр хамгаалал муугаас гадна нийгмийн хамгааллын асуудал сүүлийн 20 жилд орхигдож ирсний улмаас ахуй амьдралаа сайжруулах, орон сууцтай болох ямар ч нөхцөл боломжгүй байгаагаа хэлээд, энэ тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Тухайлбал, Дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол болон найрал дуучид болон бусад уран бүтээлчид сард дунджаар 380-600 мянган төгрөгний цалин хөлс авдаг тул орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаж, урьдчилгаа төлөх боломжгүй, өндөр насны тэтгэвэр ч маш багаар тогтоогддог байна.Мөн хөрөнгө оруулалт хангалтгүй байдгаас гэрэл, дууны техник төхөөрөмж, тоглолтын хувцас, жижиг хэрэглэл авах, шинэчлэх төсөв ч байдаггүй ажээ. Тиймээс соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин хөлс, урамшуулал, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, нийгмийн асуудлыг түлхүү анхаарах, барилга байгууламжийг шинээр барих, засварлах талаар зохих хөрөнгийг 2014 оны төсөвт тусгаж өгөхийг Байнгын хорооны даргаас хүслээ.Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ Засгийн газраас өргөн баригдах “Соёлын тухай” хуулийн төсөлд соёл, урлаг, спортын салбарт ажиллагсдын нийгмийн асуудлыг тусгах талаар түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлээд, тус салбарт ажиллагсадтай энэ чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг байгуулах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах гээд цаашид хийж хэрэгжүүлэх ажил их байна гэв.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын алба

           


  2016-09-23 02:55  321