Цахим бодлогын түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг сонгохыг дэмжлээ

  2018-06-27 14:00  280

     Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нарын нэр бүхий зургаан гишүүний санаачилсан тогтоолын төслийг дэмжиж, Улсын Их Хурлын бүтцэд Цахим бодлогын түр хороог байгуулахаар шийдвэрлээд байгаа билээ. Цахим бодлогын түр хорооны өнөөдрийн (2018.06.27) хуралдаан 10 цаг 36 минутад 57.7 хувийн ирцтэй эхэлж, Түр хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан хуралдуулав.


    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа тус Түр хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлэв. Тэрбээр хэлэхдээ, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нь Цахим бодлогын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг санаачлагчдын нэг бөгөөд инноваци, мэдээллийн технологийг дэмжиж хөгжүүлэхэд санаачлагатай ажиллаж ирсэн, цаашид улс орны эдийн засагт гол хөшүүрэг болох мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, төрийн мэдээллийн нэгдсэн сан, цахим мэдээллийн орчны эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход идэвхтэй, эрч хүчтэй ажиллана гэж найдаж байгаагаа хэллээ. Мөн энэ талаар санал хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Д.Оюунхорол нар А.Ундраа гишүүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.


     Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж уг тогтоолын төслийг анхлан санаачилж Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулахад идэвхтэй ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраар Түр хороог ахлуулж, анх сэдэж санаачилсан ажлыг нь хийлгүүлж үр дүнг нь харах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Гишүүний энэ саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг “Ж.Энхбаяр гишүүд гадаадад томилолтоор ажиллаж байгаа. Цахим бодлогын түр хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаа учраас нэрээ татаж авч буйгаа илэрхийлсэн” гэдгийг мэдэгдсэн юм.    


     Ингээд Цахим бодлогын түр хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Түр хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 14 нь буюу 87.5 хувь нь дэмжив. Иймээс энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.


      Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар тогтоолоор төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, цахим бодлогын асуудлыг судалж санал боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хороог Улсын Их Хурлын 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


  2018-06-27 13:59  280