Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудтай уулзаж, хууль журмыг мөрдөж ажиллахыг сануулав

  2018-11-15 18:32  433

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Төрийн ордны хамгаалалтын албаны удирдлагууд өнөөдөр (2018.11.15) парламентын сэтгүүлчидтэй уулзаж, ярилцлаа.


Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар уулзалтын эхэнд хэлэхдээ, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэйгээр мэдээлж сурталчлах чиглэлээр батлан гаргасан холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлэхэд хэвлэл, мэдээллийн ажилтнуудын анхаарах асуудлын талаар парламентын сэтгүүлчидтэй энэ сарын эхээр уулзаж, санал солилцсон. Гэвч сүүлийн үед үүссэн улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр Төрийн ордонд хөл хөдөлгөөн ихсэж, төрийн тусгай хамгаалалттай бүсэд мөрдөгдөх дүрэм журам зөрчигдөх, тэнд ажилладаг хүмүүс ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд хүндрэл үүсэж байгаа талаар гомдол санал ирэх боллоо.

Тиймээс Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлан мэдээлэх эрхийн үнэмлэх авсан хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж, бусдад хүндэтгэлтэй хандан, сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримталж ажиллахыг зөвлөөд, цаашид зөрчил дутагдал давтагдвал журамд заасан арга хэмжээг авахаас аргагүйд хүрнэ гэдгийг сануулав.


Мөн уулзалтад оролцсон Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Х.Ууганбат Төрийн ордон нь хуулиар тогтоосон төрийн тусгай хамгаалалтын бүс учраас хэвлэл, мэдээллийн ажилтнууд үйл ажиллагаа явуулахдаа холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж, хамгаалалтын албаны ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг анхаарууллаа. 

Парламентын сэтгүүлчид өөрсдөд тулгардаг асуудал, хүндрэл бэрхшээл болон холбогдох журамд зарим өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар саналаа хэллээ.

Уулзалтад Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Ш.Содномжамц, Төрийн ордны хамгаалалтын албаны орлогч дарга, хошууч Б.Өлзийбаатар нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2018-11-15 18:12  433