ТБХ: Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

  2021-03-31 13:00  210

   

    

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаан 09 цаг 04 минутад гишүүдийн 63,1 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. 

    Хуралдаанаар Засгийн газраас  2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

    Хуралдааны эхэнд Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлснийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. 

    Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ.” гэж заасны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Жаргалмаа, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, санал хэллээ. 



    

    Үргэлжлүүлэн хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа төслийн 2 дугаар зүйлийн сангийн хөрөнгийн зарцуулалт хэсэгт “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төслийн 2 дугаар зүйлд “Хүүхдийн төлөө сан нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг  дэмжих” гэсний дараа “хамгаалал, оролцоог дэмжих зориулалттай байна” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 2 дугаар зүйлд “Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын нэг хувь” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин “Хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх, үүнтэй уялдуулан төслийн 3 дугаар зүйлийг хасах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүд тус тус дэмжсэнгүй. 

  Иймд хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2021-03-31 11:26  210