ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт /2018.06.18-22/

  2018-06-25 08:45  503

 

“Өдрийн сонин”-ын сурвалжлагч Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой уулзаж, УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Ази, Номхон далайн бүсийн парламентчдын зөвлөгөөний талаар ярилцав. 2018.06.18 http://www.parliament.mn/n/77jy

 


УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын бүлгийн дарга Ё.Баатарбилэг манай улсад ажлын айлчлал хийсэн БНАЛАУ-ын Үндэсний Асссамблейн гишүүн, Хөдөө аж ахуйн орлогч сайд, Үндэсний Асссамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн орлогч дарга Бунг Куанг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2018.06.18 http://www.parliament.mn/n/6fjy


УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Европын холбоо /GSP+2 төсөл/-ны дэмжлэгээр, ОУХБ-ын 100 жилийн ой угтсан ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Хамтын гэрээ, хэлэлцээр-Үйлдвэрчний эвлэлийн эрх" зөвлөлдөх уулзалтанд оролцож үг хэлэв. 2018.06.18 http://www.parliament.mn/n/67jy


Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл мөн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барив. 2018.06.18 http://www.parliament.mn/n/9bjy


УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг мөн Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.06.18 http://www.parliament.mn/n/9bjy

 


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үргэлжүүлэн Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсов. Дараа нь мал аж ахуй болон тариалангийн бүс нутгийн ган, хуурайшилтын нөхцөл байдал, малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонссон. 2018.06.19 http://www.parliament.mn/n/9ijy


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, мөн “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг тус тус дэмжив. Үргэлжлүүлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болсон. Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын 2019 оны төсвийн төслийг дэмжив. 2018.06.19 http://www.parliament.mn/n/93jy


Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсний дагуу Ус сувгийн удирдах газарт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2018.06.19 http://www.parliament.mn/n/ybjo


 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэв. Мөн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2018.06.19 http://www.parliament.mn/n/yfjo


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ дагуу санаачлан боловсруулсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив. 2018.06.19 http://www.parliament.mn/n/ypjo


УИХ-ын гишүүн, “Ажилсаг монгол” хөтөлбөрийг санаачлагч Д.Тэрбишдагвын санаачилгаар “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөн Төрийн ордонд зохион байгуулагдав. 2018.06.19 http://www.parliament.mn/n/ytjo


Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзав. УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайд Жон Жэ Нам нар өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд тогтмолжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, парламент хоорондын хамтын ажиллагааг гишүүд, бүлэг, Тамгын газар хооронд өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлов. 2018.06.20 http://www.parliament.mn/n/bbjo

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив. Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжлэв. Дараа нь Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлт, Зөрчлийн тухай хуулд оруулах өөрчлөл болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үүний дараа Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн  хэлэлцүүлгийг хийсэн юм. Үргэлжлүүлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Үүний дараа Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны төгсгөлд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 2018.06.20 http://www.parliament.mn/n/bfjo


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Химийн бодисын хуванцар савны хэрэглээ нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авахаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2018.06.20 http://www.parliament.mn/n/btjo


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, уг асуудалтай холбогдуулан АН-ын бүлэгт тав хүртэл хоногийн завсарлага өгөхөөр болж, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулав. 2018.06.20 http://www.parliament.mn/n/bijo


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив. Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг мөн дэмжив. Хуралдааны төгсгөлд Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулав. 2018.06.20 http://www.parliament.mn/n/b3jo

 


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүд болон Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив. 2018.06.20 http://www.parliament.mn/n/b7jo

 

 

Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.06.21 http://www.parliament.mn/n/nfjo


УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өнгөрсөн Пүрэв гарагийн (2018.06.14) чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгох иргэдийн хүсэлтийг УИХ-ын даргад уламжилсан. Уг хүсэлтийг шуурхай шийдвэрлэх үүргийг УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын Тамгын газарт өгсөн юм. Энэ дагуу холбогдох арга хэмжээг шуурхай авч, Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгов. Ингэснээр иргэд долоо хоногийн турш 06.00-21.00 цагийн хооронд тус цэцэрлэгт чөлөөтэй нэвтэрч, зорчих боломжтой боллоо. Харин олон нийтийг хамарсан арга хэмжээ, холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулагдаж буй жагсаал цуглааны үеэр тодорхой хугацаагаар хаах юм байна. http://www.parliament.mn/n/nijo


УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлтийг сонсов. Дараа нь Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үргэлжлүүлэн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо. Дараа нь Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталав. Үргэлжлүүлэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг батлав. Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, бүхэлд нь батлав. Дараа нь уулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлав. Үргэлжлүүлэн Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр нь батлав. Дараа нь “Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, батлав. 2018.06.21 http://www.parliament.mn/n/dbjo


Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл ахуйн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэнийг УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив. 2018.06.21 http://www.parliament.mn/n/dpjo


УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн нар өөрсдийн санаачилсан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.06.21 http://www.parliament.mn/n/djjo


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцсэн. Дараа нь Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. 2018.06.22 http://www.parliament.mn/n/rfjo


Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. 2018.06.22 http://www.parliament.mn/n/rjjo


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас “Арьс, ширний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, дэд бүтцийг байгуулах, нүүлгэн шилжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгын хариуг сонслоо. Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тогтоолыг баталлаа. Дараа нь Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцэв. 2018.06.22 http://parliament.mn/n/rijo


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

  


  2018-06-25 08:38  503