Инфографик: Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

  2021-03-31 12:16  228

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. 

    Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан уг хуулиар Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаагаар сунгасан болно. 


    Түүнчлэн хуульд дараах зохицуулалтуудыг тусгалаа:

    1.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй уялдуулан “цахим худалдаа” гэсэн нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулсан; 

    2.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбогдох Засгийн газар, Улсын онцгой комисс, аймаг, нийслэлийн Засаг даргын авч хэрэгжүүлэх арга хэмжээг хуульд тодорхой зааж өглөө. Тухайлбал, 

    а/Засгийн газраас цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх; 

    б/өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх;

    в/Улсын онцгой комиссоос гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг нөхөн олговортой дайчлан гаргах;

    г/Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга цар тахлын үед төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх;       

     д/Аймаг, нийслэлийн Засаг дарга цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор тухайн орон нутагт мөрдөх дүрэм, журам, заавар, төлөвлөгөө, удирдамжийг батлан хэрэгжилтийг хангах.

    3.Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, салбар хоорондын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор дараах журмуудыг батлан гаргана. Үүнд:    -халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журам;

    -хүнсний цахим болон шууд худалдааны зохицуулалт, зохион байгуулалт, худалдаа эрхлэгчид тавигдах шаардлагыг тогтоосон журам;

    -эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эд, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, нөөц бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, зарцуулах журам.

    4.Цар тахлын халдвараас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор халдварт өвчнөөс хамгаалах зориулалттай эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр оруулах, хамгаалах хэрэгслийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах тухай зохицуулалтыг хуульд нэмж тусгасан. 

    5.Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй болсон нь холбогдох баримтаар тогтоогдсон, гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн барааны гаалийн бүрдүүлэлтийн горимд байрших хугацааг дэглэм цуцлах хүртэлх хугацаагаар сунгах, хугацаа хэтрүүлсний торгуулиас чөлөөлөхөөр хуульд тусгалаа.

    Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хууль нь цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай  зохицуулалтыг тусгасан болно.


Улсын Их Хурлын Тамгын газар


  2021-03-31 12:13  228