НББСШУБХ: Хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

  2018-12-11 11:20  455

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.12.11/ хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов.


    Тогтоолын хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 321-р тогтоолоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн.

Тус тогтоолд нийт 14 арга хэмжээ тусгагдсанаас 7 арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шууд хариуцан хэрэгжүүлж байна. Бусад арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яамдтай хамтран ажиллаж байна. 

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг ХНХЯ-ны хувьд Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс хариуцан ажиллаж байна. Түүнчлэн уг асуудлыг хариуцсан салбар дундын зохицуулалтыг хангах зорилгоор Засгийн газрын 2016 оны 136 дугаар тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”-ийг, 2017 оны 116 дугаар тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл”-ийг бүх яамдад байгуулан ажиллуулж байна.

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын хурлын үеэр төрийн бус байгууллагын төлөөлөгчид хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулан ажиллуулах санал гаргасан. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад энэ асуудлыг боловсруулан шийдвэрлүүлэх үүрэг өгсний дагуу УИХ-ын 2018 оны 56, Засгийн газрын 250 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулаад байна гэлээ.


    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280.000 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243.000 төгрөгөөр, Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 155.000 төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 70.000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон байна. Мөн Асаргааны тэтгэмжийн хамрах хүрээг оновчтой тогтоох, хөрөнгийг үр ашигтай зарцуулж, шаардлагатай иргэнд хүргэх зорилгоор байнгын асаргаа шаардлагатай иргэнийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлтийг боловсруулж, Эрүүл мэндийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлуулан 2018 оны 2 дугаар улирлаас мөрдөж буй аж.

    Нийгмийн халамжийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрт 2018 оны эхний 9 сарын байдлаар онд 39.7 мянган иргэн хамрагдаж, 46.7  тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлтөд 25,3 мянган иргэн хамрагдаж, 5,0 тэрбум төгрөг зарцуулжээ.

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн хүрээнд 2018 онд тахир дутуугийн тэтгэвэрт 4,2 мянган хүнд 19,8 тэрбум, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 544 хүнд 2,1 тэрбум, бусад тэтгэвэр тэтгэмж, төлбөрт 15,6 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан олгосон байна.


    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний протез, ортопед, тусгай хэрэгслийн хөнгөлөлтөд 2018 оны эхний 9 сарын байдлаар 10 гаруй мянган иргэн хамрагдаж, 1.8 тэрбум төгрөг зарцуулсан хэмээн дэд сайд мэдээллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг амьжиргааны доод түвшний хэмжээнд хүргэх тухай Засгийн газраас шат дараатайгаар нэмэхээр төлөвлөн ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд 2019 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 21.2 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцоолжээ.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс 2017 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийг батлан, тус хөтөлбөрт 2018 онд 4,5 тэрбум төгрөгийг хуваарилжээ. Хөтөлбөрийн 2018 оны 9 дүгээр сарын сарын тайлангаар 2,1 тэрбум төгрөг зарцуулж, нийт 2934 иргэн хамрагдаж 642 байнгын ажлын байр, 327 түр ажлын байр бий болсон байна.

    Улсын хэмжээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын 86 байгууллагад 37,0 мянга гаруй хүүхэд, залуучууд суралцаж байгаагийн 555 нь хөгжлийн бэрхшээлтэй байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад 2019 оноос сар бүр 100,0 мянган төгрөгний тэтгэмж өгөхөөр ирэх оны төсөвт 41,0 тэрбум төгрөгийг тусгаж, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд энэ арга хэмжээнд бүрэн хамрагдах юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан байгуулах үзлэг, тооллого зохион байгуулах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны А/89, А/42 тоот хамтарсан тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг баталжээ. Энэ хүрээнд Нийгмийн хамгааллын салбарт ашиглагдаж буй Нийгмийн даатгалын сан, Өрхийн мэдээллийн нэгдсэн сан, Нийгмийн халамж, үйлчилгээний мэдээллийн сан (WAIS), Эмнэлэг, хөдөлмөр магадлалын мэдээллийн сан дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийн бүртгэл, мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, өрхийн мэдээллийн сан дахь мэдээлэлтэй нэг бүрчлэн тулгаж, мэдээллийн давхцал болон зөрүүтэй байдлыг тодруулан, засварлан мэдээллийн цахим санг байгуулж буй аж. Ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа бөгөөд энэ ондоо багтаан дуусгаж, үр дүнг танилцуулна хэмээн дэд сайд С.Мөнгөнчимэг хэллээ. 

    Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг үзүүлэх төсөл”-ийг Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 08 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд 6 аймагт /Дорнод, Дархан, Архангай, Хөвсгөл, Ховд, Дундговь/ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн загвар байгуулахаар Төвийн газрын гэрчилгээг авч, газрын асуудлыг бүрэн шийдвэрлүүлээд байна. Эдгээр төвийн зураг төсвийг боловсруулах зөвлөх компанийн ажлын даалгаврыг боловсруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ онд багтаан зураг, төсвийг боловсруулах зөвлөх компанийг сонгон шалгаруулахаар төлөвлөж байгаа бөгөөд  2019 оны эхний хагас жилд барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн эдгээр 6 төвд ажиллах 104 нарийн мэргэжлийн ажилтныг төслийн санхүүжилтээр бэлтгэнэ гэв.

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


    Гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургахад тулгамддаг асуудал нь мэргэшсэн багш, боловсон хүчин дутмаг байдагтай холбоотой гээд мэргэшсэн багш нарыг бэлтгэх талаар ямар арга хэмжээ авч буйг тодруулсан. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар нийгэмд эерэг хандлага төрүүлж, зөв ойлголт өгөх талаар ямар ажил зохион айгуулж байгаа, МҮОНРТ энэ чиг үүргээ хэрхэн биелүүлж буй, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явц, хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн хүн байдаг, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тодруулсан.

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд нарын хариулснаар өнөөдөр улсын хэмжээнд зургаан сургууль тусгай хэрэгцээт сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа аж. Сурч буй хүүхдийн тоо нэмэгдээд байгаа ч нарийн мэргэжлийн багш нар дутмаг байгаа юм байна.

Гэсэн ч салбарын яамны зүгээс тодорхой арга хэмжээ авч Монгол Улсын боловсролын их сургуульд 30 жил завсарласны дараа Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим байгуулсан байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах багш бэлтгэх асуудлыг төрөөс дэмжсэний дүнд өнгөрсөн жил 60 гаруй, энэ жил 70 гаруй оюутан энэ чиглэлээр суралцаж эхэлжээ.

    Түүнчлэн одоо ажиллаж буй багш нараа тэнхим дээрээ богино хугацаагаар мэргэшүүлэн ур чадварыг нь сайжруулах талаар яамнаас хамтран ажиллах боломж бий гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв хандлагыг бий болгох зорилгоор 200 гаруй байгууллага дээр хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал гэсэн нөлөөллийн сургалтын ажлыг хийсэн байна.

МҮОНТ-ээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх цуврал нэвтрүүлгийг хийж байгаа гэсэн мэдээллийг дэд сайд С.Мөнгөнчимэг өгсөн.

    БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг барьж эхэлжээ. Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан сургалт, хөгжлийн арга хэмжээг зохион байгуулахаас гадна 250 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх, 250 хүүхдэд өдрөөр сэргээн засах үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд тус төвийг ирэх оны эхний улиралд багтаан хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Монгол Улсад 2017 оны байдлаар 103,6 мянга буюу нийт хүн амын 3.3 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа аж. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 44,6 хувь нь эмэгтэй, 54 хувийг эрэгтэйчүүд, 2 хувь нь 16-аас доош насны хүүхэд байна. Тэдний 42 хувь нь төрөлхийн, 58 хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр насны 19974 хүн хөдөлмөр эрхэлж буй бөгөөд тэдний 3018 нь тэтгэврийн насныхан байгаа аж. Хөдөлмөр эрхэлдэггүй хөгжлийн бэрхшээлтэй хүн 73285 байна гэсэн судалгаа гарсан байна.

    Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.

    Тэрбээр, яамд агентлагууд, Засгийн газрын харьяа байгууллагууд хоорондын ажлын уялдаагаа хангаад, тодорхой журам актуудаа нарийвчлан гаргаад явах боломж байна. Хүний эрх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж буй асуудалд ХЭҮК хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран шаардлага тавьж ажиллаач гэж хэлмээр байна. Ажлын байр нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар далайцтай ажил зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар олон нийтийн дунд эерэг хандлага бий болгох асуудалд онцгой анхаармаар байна гэлээ.

Эцэст нь тэрбээр хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр 2019 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо эрчимтэй ажиллана гэдгийг онцолсон юм.

    Ингээд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын  төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганболдоор ахлуулан байгууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулахыг дэмжлээ

    Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

    Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.


    Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлсэн гэлээ.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа сайдыг огцруулах тухай асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулахыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2018-12-11 15:46  455