Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хороо УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.30) хуралдаан 11 цаг 30 минутад гишүүдийн 68,4 хувийн ирцтэйгээр эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлын талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Тэрээр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агөнтлагаас ирүүлсэн саналд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан. Хууль, эрх зүйн салбарын хүрээнд шинэтгэлийн арав гаруй ажил хийхээр тусгагдсан. Тухайлбал, Архивын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, төрийн архивуудад хадгалагдаж буй баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, мэдээллийн сан бүрдүүлэх; Гэрч, хохирогчийг хамгаалах, нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг сайжруулах; Шүүхээр шийдвэрлүүлж буй хэрэг, маргаан болон хүн амын төвлөрлийг харгалзан шийдвэр гүйцэтгэх чадавхийг бэхжүүлэх; Ялтныг ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлэх; Мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх; Иргэний болон хуулийн этгээдийн архивын цаасан баримтыг цахимжуулах; Хилийн заставуудын цахилгаан, дулаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр шинэчлэх; Шүүхийн шинжилгээний чанарыг дээшлүүлж, шинжилгээний бүртгэл, мэдээлэл, лавлагааны нэгдсэн тогтолцоо бий болгох; Орчин үеийн эрүүл ахуйн стандартад нийцсэн Шүүх эмнэлгийн байрыг шинээр байгуулах; Төрийн байгууллагуудаас гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг цахимжуулах зэрэг ажлууд тусгагдсан болно гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, Н.Оюундарь нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд бодлогын ямар томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөсөн, мөн хууль зүйн салбарт ажиллаж буй албан хаагчдын ёс зүй, сахилга батыг дээшлүүлэхэд ямар ажил төлөвлөж байгаа талаар тодруулав.


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийсэн тайлбартаа, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлын хүрээнд нэн тэргүүнд бүтцэд өөрчлөлт оруулж, тус албаны хүмүүсийн тоог нэмэгдүүлэн ажилласнаар тодорхой ахиц, дэвшил гарч байгаа. Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан төдийгүй цаашид хар тамхитай тэмцэх тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулахаар ажиллаж байна гэв.


Ингээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах “Бодлого, зорилт, арга хэмжээнүүдийг” дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад олонхийн дэмжлэг авч, Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл