Цэс

Холбоо барих

Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 40 дугаарын тойм


    Эмхэтгэлийн шинэ дугаарт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг авах шаардлагатай тул “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай”  Монгол Улсын Их Хурлын тогтоол баталсныг нийтэллээ.  

    Мөн Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 9 даван түрүүлсэн бөхөд “Улсын аварга” цол олгосон тухай болон зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Улсын Дээд Шүүхийн танхимын тэргүүнээр хэнийг томилсон талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай тус тус танилцах боломжтой. 

    Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинд үүсээд байгаа цар тахал буюу коронавируст халдвар тархсан онцгой нөхцөл байдлын улмаас улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, аж ахуйн нэгж, байгууллагын орлого буурч, үйл ажиллагаа нь доголдож байгаатай холбогдуулан “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ыг баталсныг нийтлэв. Уг журмаар Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага болон даатгуулагч Монгол Улсын иргэний тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх, Нийгмийн даатгалын сан хооронд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ. Ингэхдээ энэ журмын 2.1.1-2.1.4-т заасан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, их, дээд сургууль тэдгээртэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа даатгуулагч, сайн дураар даатгуулагч 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр зохицуулсны зэрэгцээ чөлөөлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх, Чөлөөлөх нийгмийн даатгалын шимтгэл, дэмжлэгийн хэмжээг бүртгэх, тайлагнах, тооцоо нийлэх,  Нийгмийн даатгалын сан хооронд хөрөнгө шилжүүлэх, даатгалын шимтгэлээс чөлөөлсөн хугацааг баталгаажуулах зэрэг харилцааг тодорхой тусгасан байна. 

    Мөн эмхэтгэлд Монгол Улсын Засгийн газраас баталсан “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр” батлах тухай тогтоолыг нийтэллээ.  Монгол Улсын хувьд нэг алба хаагчид ногдох хүн амын тоо 371 байгаа нь дэлхийн бусад орны дундаж түвшингээс багагүй ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд гэмт хэрэг, зөрчил шалгах эрх бүхий алба хаагчдын ажлын цаг долоо хоногт 70 хүртэлх байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас 75.0 хувиар илүү байгаа аж. Иймд Цагдаагийн албаны тухай хууль,  Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нийцүүлэн “Цагдаагийн байгууллагын хөгжлийн    хөтөлбөр”-ийг боловсруулсан байна. Энэхүү хөтөлбөрийг цагдаагийн байгууллагын бодлого, төлөвлөлтийг сайжруулах, хүний нөөцийг мэргэшүүлэх, сургаж дадлагажуулах, удирдах албан тушаалтны манлайлах ур чадварыг дээшлүүлэх, технологийн шинэчлэл хийх замаар үйл ажиллагааг шуурхай, хүртээмжтэй, дэлхийн өндөр хөгжилтэй орны жишигт хүргэхэд чиглэсэн байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх чадавх сайжирч, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар дээшилж, үйл ажиллагаанд техник, технологийн дэвшлийг өргөнөөр нэвтрүүлэн, Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гудамж, зам, талбайг камержуулах,  хүний нүүр царайгаар таних чадвартай төхөөрөмж (facefinder)-ийг ашиглаж, хүн хүчийг хэмнэх, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, аюулгүйн бүсүүдийг бий болгох, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бодит ахиц, үр дүн гарна гэж үзсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл