УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад зориулсан статистик тоон мэдээллийг ашиглах талаарх ээлжит цахим сургалт боллоо

  2021-04-26 10:31  278

Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэн, Үндэсний статистикийн хороотой хамтран Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, УИХ-ын гишүүний ажлын алба, УИХ дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнуудад зориулсан статистик тоон мэдээллийг үр дүнтэй ашиглах талаарх цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ.

Өнөөдөр /2020.04.26/ “Вэб сайтын статистик мэдээллийг ашиглах нь” сэдвийн хүрээнд хоёр дахь удаагийн цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Үндэсний статистикийн хорооны Тооллогын улсын комиссын нарийн бичгийн дарга, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нээж үг хэлсэн бөгөөд уг сургалтад 80 гаруй ажилтан хамрагдав.

Энэ удаагийн сургалтад Үндэсний статистикийн хорооны Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Н.Мөнхбаяр “Статистикийн мэдээллийн үйлчилгээний төрөл, статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn цахим хуудаст байгаа тоон мэдээллийг ашиглах, анхаарах зүйлс” сэдвээр, ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ, судалгааны газрын статистикч Ж.Цэрэнханд “Дотоодын нийт бүтээгдэхүүний тухай ойлголт, ДНБ-ийг тооцох арга зүй” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл өглөө.


Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийг дагаад статистикийн систем ч өөрчлөгдөх шаардлага үүсэж байна. Яам, агентлаг зэрэг төрийн байгууллагуудад байгаа мэдээллүүдийг хооронд нь уялдуулж, тоон мэдээллүүдийг нэгтгэн бодлогын шийдвэр гаргахад ашигладаг болоход Үндэсний статистикийн хороо анхаарч, 2021-2025 онд статистикийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөртөө энэ чиглэлийн зорилтуудыг тусгасан байна. Уг хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлснээр Үндэсний статистикийн хорооноос гаргадаг мэдээллийн хоцрогдол арилах, зарим тоон мэдээллийг илүү нарийвчлалтай гаргах, ҮСХ статистик боловсруулахаас гадна судалгааны чадавх бэхжих, төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжрах зэрэг олон боломж бүрдэх юм байна.

Түүнчлэн Монгол Улс Олон Улсын Валютын Сан (ОУВС)-аас боловсруулан гаргасан статистик мэдээлэл тархаах дэлхийн жишиг загвар болж буй “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр шилжсэн. Энэхүү стандартад шилжсэн улс орон статистик мэдээллээ стандартчилагдсан тодорхойлолт, давтамж, хэлбэрийн дагуу олон нийтэд зайлшгүй зарлах шаардлагыг хэрэгжүүлдэг. Ингэснээр статистик мэдээллийн чанар сайжирч, бусад улс орнууд тухайн улсын статистик мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэх, ил тод байдал сайжрах, олон улс дахь  нэр хүндэд эерэгээр нөлөөлөх, тухайн улсын тоон мэдээллийг хөгжлийн түвшин ойролцоо эсвэл тухайн бүсийн бусад орнуудтай харьцуулах боломж нэмэгдэж, судалгаа шинжилгээний ажилд эерэг нөлөө үзүүлэх зэрэг давуу байдлыг бий болгодог ач холбогдолтой гэдгийг танилцуулгад онцолж байв. Үүний үр дүнд, хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээллүүд тодорхой давтамж, чанартайгаар, товлолт хугацааны дагуу нэгтгэгдэж, нийтлэгдэж байна.  Түүнчлэн “Монгол Улсын Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хугацаанд цахим мэдээллийн сангаа шинэчилжээ. Дэлхийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг “Улс орнуудын статистикийн байгууллагын чадавх”-ийн үнэлгээгээр 2019 онд Монгол Улсын үндэсний статистикийн чадавхын ерөнхий дундаж оноо 91.1 болж Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дунджаас 16 нэгжээр дээгүүр байна. Тодруулбал, статистикийн аргачлалаар 90 болж 22.5 нэгжээр, мэдээллийн эх үүсвэрээр 100 болж 28.3 нэгжээр тус тус дээгүүр үнэлэгджээ.


Мөн дэлхийн улс орнуудын албан ёсны статистик мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдалд үнэлгээ хийдэг “Open data watch” ашгийн бус байгууллагын үнэлгээгээр Монгол Улс 187 орноос 9 дүгээр байр, Зүүн Азийн бүсийн хэмжээнд 1 дүгээр байрыг эзэлсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 


  2021-04-26 16:13  278