Цэс

Холбоо барих

УИХ-ын даргын ивээл дор зохиогдож буй Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний шигшээ тоглолт эхэллээ

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр /2021.01.23/ эхэллээ.


Коронавируст халдварын цар тахлын улмаас Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг анх удаа онлайнаар зохион байгуулж байгаагаараа онцлогтой гэдгийг Монголын шатрын холбооноос мэдээллээ.



Тэмцээнийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн дарга Б.Саранчимэг хэлсэн үгэндээ, “Анх 2013 онд УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэхүү тэмцээнийг Шатрын холбооныхон, УИХ-ын дарга, гишүүдтэй хамтран санаачилж байсан түүхтэй. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд тэмцээний нэр хүнд өсөж, цар хүрээ нь өргөжин тэлж, Монгол Улсын бүх аймаг,  сум, нийслэлийн дүүргүүдийг хамран өрнөдөг, оролцогчдын тоо 7000-д хүрдэг болсон байна. Сүүлийн жилүүдэд манай тэмцээн мэргэж­лийн түвшинд хүрч, тэмцээний аваргууд Шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 шахам алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Улсын Их Хурал шатрын спортыг ивээлдээ авч, улс орон даяар жигд дэлгэрүүлэн хөгжүүлэхийг зорьдог. Энэ зорилго, санаачилгыг дэмжиж, аймгаараа, сумаараа шатарчин болох хөдөлгөөн өрнөж, шатрын спортоор сонирхогчдын тоо нэмэгдэж, манай өсвөр, залуу үеийнхэн тив, дэлхийн дэвжээнд алдраа дуурсгасаар байгаа билээ. Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, оюун ухааныг тэлдэг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, хатуужил тэвчээртэй болгодог, булчингийн хүчээр бус, арга ухаанаар бэрхшээлийг даван туулах чадвар олгодог онцгой спорт юм” хэмээн онцлоод шатарчдад амжилт хүслээ.



Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний хагас шигшээ шат энэ сарын 16-19-ний өдрүүдэд болж өндөрлөсөн. Швейцар системээр 8 өрөг тоглосон эрэгтэйчүүдийн хагас шигшээ тэмцээнийг аймаг, нийслэлийг тус бүр 4 бүс болгон зохион байгуулсан бөгөөд нийт 360 шатарчин оролцсоноос бүс тус бүрээс 5, нийт 40 шатарчин шигшээд шалгарчээ. Шигшээ тэмцээнд хагас шигшээгээс шалгарсан 40 шатарчин болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг буюу Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд  байрладаг бусад төрийн байгууллагуудаас урилгаар 34 хүртэл шатарчин оролцож байна. Харин эмэгтэйчүүд нээлттэй горимоор оролцож байгаа бөгөөд шигшээ тоглолтод эрэгтэй 74, эмэгтэй 90 шатарчин өрсөлдөж байна.



Энэ удаагийн тэмцээн онлайнаар, lichess.org платформ дээр явагдаж байгаа бөгөөд бүх шатны тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн нэг жилийн хугацаанд чансаа нь 2000 (эмэгтэй шатарчны хувьд 1800)-аас хэтрээгүй, шатрын спортын цолгүй, насанд хүрсэн 525 (давхардсан тоогоор) шатар сонирхогч оролцож байна. Шатарчид цагийн хяналт талдаа 10 минут, нүүдэл бүрд 1 секундийн нэмэгдэлтэйгээр түргэвчилсэн буюу Рапид төрлөөр өрсөлдөнө.



Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад нь эрэгтэйчүүдээс 73 настай Б.Мягмарсүрэн (Сонгинохайрхан), эмэгтэйчүүдээс 73 настай Ш.Маяасүрэн (Өвөрхангай) бол хамгийн залуу нь 18 настай Н.Батмөнх (Дархан-Уул), Б.Нямдаш (Сонгинохайрхан) нар юм.

Мөн энэ удаагийн тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж, Ардын Их Хурлын депутат С.Билэгсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Л.Гүндалай нар оролцож байна.




Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн шатарчдад Улсын Их Хурлын даргын Өргөмжлөл, мөнгөн шагнал, эмэгтэйчүүдийн төрөлд шагналт шагналт байр эзэлсэн, мөн түрүү байр эзэлсэн ахмад шатарч болон чансаагүй шатарчин, түшээ нарт Улсын Их Хурлын Тамгын газрын Өргөмжлөл, тусгай шагнал олгох юм. Харин цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ удаагийн тэмцээнд медальт байранд шалгарсан шатарчдад спортын дэд мастерын цол олгохгүй юм байна.

Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр дуусах бөгөөд эцсийн нэгдсэн дүн 48 цагийн дараа гарна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл