Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа

  2021-09-30 11:24  449


    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавxлан өнөөдөр (2021.09.30) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлсэн төдийгүй халдварын эрсдэлийг цаг алдалгүй бууруулж, зорилтот бүлгийн хүн амыг бүрэн, нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байгаа аж. Үүний үр дүнд 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өсч, 2021 оны жилийн эцэст 6.5 хувь, 2022 онд 5.0 хувьд хүрч цаашид өсөлт тогтворжих төлөвтэй хэмээн тооцоолжээ.

    Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимтэй сэргээх зорилтыг хангахад чиглүүлж, хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг төрөлжүүлж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах төсөв, санхүүгийн шинэчлэлийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Иймд эдийн засгийг сэргээх бодлого, төсвийн шинэчлэлийг 2022 онд хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн гэдгийг Сангийн сайд танилцуулсан.

    Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл дэх эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцож, эдийн засгийг эрчимжүүлэх төсөв, санхүүгийн шинэчлэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхээс гадна эдийн засгийг тэлэх том төслүүдийг эхлүүлэх боломж бүрдэх юм байна.


    Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл: Халдварт цар тахал 2020 он гарсаар эрчимтэй дэгдэж улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэл учруулсны дотор манай улсын эдийн засгийн өсөлт -4.6 хувь, төсвийн алдагдал ДНБ-ий -12.0 хувьд хүрээд байсан боловч Засгийн газар цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих нийт 2.6 их наяд төгрөгийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

    Засгийн газар 2021 оны 2 дугаар сараас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, 4 дүгээр сараас хүн амын зорилтод хэсгийг эрчимтэй вакцинжуулснаар хол хориог үе шаттай сулруулж аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагааг нээснээр эдийн засгийн өсөлтийг 2021 оны эхний хагас жилд 6.3 хувьд хүргэж чадсан. 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүнд банкны секторын зээл 10.5 хувиар агших байсныг 6.5 хувийн өсөлттэй хадгалж, банкны нийт зээлийн хэмжээ 18.1 их наяд төгрөгт хүрч, зээл олголт цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрсэн байна. Түүнчлэн, 2021 оны 9 дүгээр сарын 27-ний байдлаар нийт 58 мянган зээлдэгчид 3.7 их наяд төгрөгийн зээлийг банкуудын эх үүсвэрээр олгож, 10.2 мянган иргэнийг орон сууцжуулж, 266.8 мянган ажлын байрыг хадгалаад байгаа юм бйна.

    Улмаар 2022 онд вакцинжуулалтын үр нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагааг бүрэн нээж эдийн засгийг сэргээх, гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслүүдийг түлхүү хэрэгжүүлж эдийн засгийг тэлэх, “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийг 5.0 хувийн өсөлттэй байна гэж тооцсон байна.

    Ирэх 2022 онд төсвийн орлогын чиглэлээр эдийн засгийн сэргэлтийг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, төрийн өмчийн хуулийн этгээдийн хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төрийн хяналт шалгалтыг оновчтой, түргэн шуурхай болгох зэрэг бодлого хэрэгжүүлэх юм байна. Харин төсвийн зарлагын чиглэлээр төр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр БҮХ ШАТНЫ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ажиллахаар тусгажээ. Тодруулбал, төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор тодорхой зохицуулалт хийх, бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулах, зарим төрлийн зардлыг 50-100 хувь хязгаарлах аж.

    Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж СТАНДАРТ-ЧАНАР-ӨРСӨЛДӨӨН-д суурилсан үйлчилгээг төр худалдан авах, нийгмийн суурь үйлчилгээний байгууллагуудыг төсвийн хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх зэргээр ЦОМХОН, ЧАДВАРЛАГ ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА-ыг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан байна.

    Эрүүл мэндийн салбарт энэ онд хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэлийг эрчимжүүлж ИРГЭДЭЭ ЖИЛ БҮР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ хамруулна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 18-аас дээш насны иргэдэд 12 төрлийн оношилгоо, шинжилгээ хийлгэх 43-75 мянган төгрөгийн багцыг 2018 оноос эхлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.  Гэвч 2020 оны статистикаар 18-аас дээш насны хүн амын 7.9 хувь нь тус багцын шинжилгээнд хамрагджээ. Тиймээс  хамрах хүрээг өргөтгөх зорилгоор насны багцыг шинэчилж, хүн амыг жилд нэг удаа үзлэгт хамруулах ажлыг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөж, төсвийн төсөлд тусгасан байна.

    Байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлж, санхүүгийн баталгаатай ХУРИМТЛАЛТАЙ ХҮҮХЭД хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Байгалийн баялгаас орох орлогын хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг Нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, 2022 оны төсвийн жилд, 1 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн хуримтлалыг 100,000 төгрөг хүртэл сонголтоор, харин 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр буюу хүүхэд бүрд нийт 100,000 төгрөг гэсэн зарчмыг хадгалах аж.

    Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус  ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ шилжих шинэчлэл хийх юм байна. Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг нөхцөлтэй болгож халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлахаар төсөлд тусгажээ. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах, зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах болон  халамжийн зарим хөтөлбөрт хамрагдах   хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай  иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөл тавих юм байна.

    Мөн эмзэг бүлгийн өрх иргэнд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үр дүнг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Мэргэжлийн сургалтын байгууллагын орцод суурилсан санхүүжилтийг өөрчилж хөдөлмөрийн зах зээлд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хүрэх үр дүнд харгалзан санхүүжүүлэх  хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

    Төсвийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд төгрөг буюу 38.8 хувь, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж, -2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөжээ.


    Нийгмийн  даатгалын  сангийн  2022 оны  төсвийн  тухай хуулийн  төсөл: Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсөвт нийт орлогын хэмжээг 2,379.5 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээг 2,750.9 тэрбум төгрөг байхаар төсөвлөлөө. Энэ нь 2021 онтой харьцуулахад орлого 575.7 тэрбум төгрөгөөр, зарлага 156.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

    Эрүүл  мэндийн  даатгалын  сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төсөл: Тус сангийн 2022 оны төсвийн орлогыг нийт 1,450.8 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг 2020 оноос эхлүүлж эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлж байна.

    Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэг иргэний тарифаар тооцох зардлыг  тусгажээ. Бүх шатны эмнэлгийн иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн, гүйцэтгэлээр олгох санхүүжилтэд нийт 1,358.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

    Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төсөл: Ирэх 2022 онд дэлхийн зах зээл дахь экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн таамаглал, экспортын биет хэмжээний төсөөлөл зэрэгтэй уялдуулан Ирээдүйн өв санд нийт 1,461.7 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа бөгөөд тус сангаас хүүхдийн мөнгөн хадгаламжид зориулан мөн хэмжээний дүнг Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкин дахь хүүхдийн нэрийн дансанд шилжүүлнэ. Үүнээс хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гаргасан хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгох дээд хэмжээг 1,096.3 тэрбум төгрөг, хүүхдийн нэрийн дансанд хуримтлагдах доод хэмжээг 365.4 тэрбум төгрөг байхаар тус тус тооцжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2021-09-30 13:39  449