Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Дэлхийн ардчиллын төлөв байдал илтгэлийн танилцуулга ба КОВИД-19 цар тахлын үед Монгол Улсад болсон сонгуулийн сорилт, бэрхшээлүүд” сэдэвт цахим хэлэлцүүлэгт оролцлоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стокгольм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-тэй хамтран “АСДҮОУХ-ийн дэлхийн ардчиллын төлөв байдал илтгэлийн танилцуулга ба КОВИД-19 цар тахлын үед Монгол Улсад болсон сонгуулийн сорилт, бэрхшээлүүд” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдөр зохион байгуулав.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож, Монгол Улсын ардчиллын төлөв байдал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх сэдвийн хүрээнд 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжин 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш Монгол Улсын хүрсэн ололт, амжилт, үүний зэрэгцээ улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс хамааран тулгарсан сорилт бэрхшээлүүдийг тоймлон ярьж, эдгээрээс үүдэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэнийг тэмдэглэв.


Тэрбээр 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдлыг багцлан танилцуулахдаа эдгээр нэмэлт өөрчлөлтийн гол зорилго нь төрийн эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэртэй тогтолцоог хангах механизмыг Үндсэн хуульд суулган баталгаажуулахад, тодруулбал, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зөвхөн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж, Үндсэн хуулиас өөр бусад хуулиар эрх олгохгүй байх, Ерөнхий сайдад Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилох, чөлөөлөх эрх олгосноор эрх мэдэл, хариуцлагыг нэмэгдүүлэх, байгалийн баялагтай холбоотой асуудалд эрх тэгш байдлыг баримтлахаас гадна одоо болон хойч үеийнхнийг эрүүл орчинд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх байгаль орчны хамгаалалтыг хангах, шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, шүүгчийн хараат бус байдлыг хангах зэрэг зохицуулалтуудыг Үндсэнд хуульд хуульчлан оруулж өгсөнд оршиж байгааг онцоллоо.

Энэхүү цахим хэлэлцүүлэг нь Монгол Улсын ардчиллын одоогийн төлөв байдал, ололт, сорилт бэрхшээлүүдийн талаар зөв ойлголт өгч, мэдээлэл хуваалцахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.

Улсын Их Хурлын Тамгын газрын

Гадаад харилцааны хэлтэс

2020.12.11

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл