БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН МОНГОЛЫН АХМАД БАГШ НАРЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН БАГА, ДУНД СУРГУУЛИУДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

  2016-08-31 01:00  361

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Монголын ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны удирдлагуудыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

            Хувийн хэвшлийн 130 бага, дунд сургуульд 8000 гаруй багш ажилладаг бөгөөд 2016 оны төсвийн тодотголоор нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа нь хувийн хэвшлийнхэнд хүнд тусч байгааг хэлэв. Мөн хувийн сургуулиудын хувьсах зардлын 80 хувь нь олгогдоод үлдсэн нь танагддаг байдлыг бүрэн олгох тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.  

            Ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өнөөгийн нөхцөлд зайлшгүй шаардлагатай тул даруй хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гээд хуульд өөрчлөлт оруулах тухай санал хүлээлгэж өгөв.

            Тэд хэлэхдээ боловсролын байгууллагаас тэтгэвэртээ гарсан олон мянган ахмад багш нар ялангуяа 1996 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон ахмад багш нар туйлын хүнд амьдарч байна. Бид улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгож энэ хүнд байдлаас 1-2 жилийн дараа гарах байх гэсэн өөдрөг сэтгэлтэй харж байна. Гагцхүү олон жил олны үр хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж тэтгэвэртээ гарч байгаа ахмад багш нарт олгодог 24, 36 сарын буцалтгүй тусламжийг хэвээр нь үлдээж өгөхийг хүсч байна гэв.

            Байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Ахмад багш нарын холбоотой хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалтыг 9 сард зохион байгуулахаар боллоо. 


  2016-09-22 23:50  361