Цэс

Холбоо барих

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн “Сургагч багш” нарыг бэлдэж байна


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд шуурхай танилцуулж, мэдээллээр хангах зорилгоор “Сургагч багш” нарыг бэлдэж байна. Өнөөдөр /2019.07.16/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар хамтран “Сургагч багш" нарыг бэлтгэх онлайн сургалт зохион байгууллаа. Онлайн сургалтыг нээж ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлсэн үгэндээ төсөлд олон нийтийн оролцоог хангаснаар Үндсэн хуульд итгэх олон нийтийн итгэл, түүний хууль ёсны байдлыг улам бүр нэмэгдүүлэх болно. Монгол Улсын суурь, эцэг хууль болох Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлж, иргэдийн саналыг авснаар төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийн сацуу Монгол орныхоо ирээдүйн хөгжил, цэцэглэлт болоод сайн сайхны төлөө хийж буй томоохон үйлс мөн гэдгийг онцоллоо. 

Сургалтад Аймаг, Нийслэл, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, Аймаг, Нийслэл, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нар, сумдын ЗДТГ, хуулийн мэргэжилтэн, дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар хамрагдсан юм. Ийнхүү нийтдээ 700 гаруй "Сургагч багш" нарыг хамруулж, онлайн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн дүүргүүдийн сургагч багш нар өөрийн биеэр ирж сургалтад хамрагдсан бол аймаг, сумдын сургагч багш нар онлайнаар сургалтад хамрагдаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар бүрэн мэдээллийг авлаа.

Онлайн сургалт дөрвөн сэдвээр явагдав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар танилцуулсан юм хэмээн  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл