Цэс

Холбоо барих

УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Элчин сайд С.В.Чепурной-г хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан өнөөдөр (2021.07.05) Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Станислав Владимирович Чепурной-г бүрэн эрхийн хугацаа нь дуусаж, эх орондоо буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.


Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ЗХУ-ын үеэс эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэл идэвхтэй хөгжиж ирснийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан уулзалтын эхэнд тэмдэглээд цаашид Монгол, Беларусь улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов.

Мөн тэрбээр ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Манай хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд тогтмолжиж, хөдөө аж ахуй, нийтийн тээвэр, онцгой байдал, зам тээвэр зэрэг олон салбарт төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд ноён Элчин сайдын оруулсан хувь нэмэр их болохыг дурдсан юм.


Элчин сайд С.В.Чепурной Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явцын талаар товч танилцуулаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэхийн олон талт асуудлыг чухлыг тэмдэглэлээ.

Монгол-Беларусь улс хэдийгээр олон мянган километр зайтай оршдог ч Ази, Европын олон орныг холбосон тээвэр ложистикийн гол шугаман дээр оршдог давуу байдалдаа түшиглэн харилцан ашигтай, хамтран ажиллах өргөн боломж байгаа тухайд талууд санал нэгтэй байв.


Улсын Их Хурал дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Беларусийн Могилевын вагоны үйлдвэртэй хамтран Монгол Улсад ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах асуудлыг эрчимжүүлэх, монгол жолооч нарыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тээвэрч болгоход дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа дурдаж, нутагтаа очсон ч энэ тал дээр анхаарал хандуулахыг ноён Элчин сайдаас хүсэв.


Уулзалтаар талууд Монгол Улс, Беларусь Улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2022 онд тохиохтой холбогдуулан соёлын өдөрлөг, бизнес эрхлэгчдэд чиглэсэн эдийн засгийн форумыг харилцан зохион байгуулахаар ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл