Цэс

Холбоо барих

Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчидтэй уулзав

УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Х.Болорчулуун, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар өнөөдөр (2017.06.08) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Засаг дарга Чи Батыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан энэ сарын 09-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга уулзалт 2017”-д амжилттай оролцохыг хүсээд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарт өргөн хүрээний хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

Дараа нь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Говьсүмбэр аймаг болон Хянган аймаг ойролцоо байрладагаас гадна бэлчээр, аж амьдралын хувьд ижил санагдсан. Говьсүмбэр аймагт малын бэлчээрийг нөхөн сэргээх, цагаан хус, цагаан будаа тарих асуудлыг орон нутгийн удирдлагуудад уламжилсан бөгөөд тэд нар Хянган аймгийн удирдлагуудтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн” гэлээ.

Хянган аймгийн Засаг дарга Чи Бат УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх асуудлаар БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нартай уулзаж, санал бодлоо солилцсоноо хэлж байв.

Уулзалтад Хянган аймгийн Захиргааны тамгын газрын дэд Нарийн бичгийн дарга Ли Чиангинг, тус аймгийн Худалдааны газрын дарга Ли Вэй Дон болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл