Цэс

Холбоо барих

Аргентин Улсын Үндэсний Конгрессын гишүүн Хосе Игнацио де Мендигүрэнийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар хүлээн авч уулзав

УИХ дахь Монгол- Латин Америкийн  бүлгийн дарга Ц.Даваасүрэнгийн урилгаар Аргентин Улсын Үндэсний Конгрессын гишүүн Хосе Игнацио де Мендигүрэн болон бусад албаны хүмүүс манай улсад айлчилж байна. Өнөөдөр /2019.04.01/ Аргентин Улсын Үндэсний Конгрессын гишүүн Хосе Игнацио де Мендигүрэнийг  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Аргентины зүгээс хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа уламжилж, урилга илгээн Монгол орны түүх, соёлтой өөрийн биеэр танилцах боломжийг өгсөнд талархаж буйгаа гишүүн Хосе Игнацио де Мендигүрэн илэрхийллээ.

Энэ оны 1 сард Монгол, Аргентины Гадаад хэргийн яамдын зөвлөлдөх уулзалт болж, малыг шим тэжээлээр тогтвортой хангах, шүлхийн тархалтыг хянах хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажлын эхний алхмууд хийгдэж байгаа гэдгийг Аргентин Улсын Үндэсний Конгрессын депутат Хосе Игнацио де Мендигүрэнг тодотголоо. Өнгөрсөн онд Аргентин-Монголын Парламетын найрамдлын бүлэг байгуулсан.  Цаашид бүлгээрээ дамжуулан Монголын Парламенттай харилцаагаа илүү өргөжүүлэх сонирхолтой байна гэлээ. Үүний хүрээнд хэтийн төлөвлөгөө гарган ажиллах санал тавилаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ХАА салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн эхний ээлжинд ХАА-н чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, бизнесийн чиглэлээр хамтран ажиллахад бүрэн боломжтойг онцоллоо. Ирэх оны 9-р сарын 7-нд Монгол-Аргентины дипломат харилцаа тогтоосны 48 жилийн ой тохионо. Ойн хүрээнд үр дүнтэй ажлууд зохион байгуулж, тодорхой төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо.  

 

Мөн таалууд цаашид Монгол, Аргентины найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, нэн тэргүүнд хөдөө аж ахуй, боловсрол, соёл, спортын салбарт хамтран ажиллах төлөвлөгөө гаргахаар тохиролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл