Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2018-02-07 20:02 Уншсан: 124

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд өнөөдөр (2018.02.07) Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав.


Ахмад настны үндэсний төвийн дарга Л.Эрдэнэхүү байгууллагынхаа талаар хийсэн мэдээлэлдээ, 1925 оноос үйл ажиллагаа явуулж байгаа манай байгууллагаар 1951 оноос хойш өнөөг хүртэл 1215 асрагч үйлчлүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар 142 ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлж байна. Тэдний 87 нь нийслэлээс, 55 нь хөдөө орон нутгаас ирсэн гэлээ.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд танилцуулгад дурдагдсан мэдээллийн дагуу тодруулга авсан юм. Тухайлбал, Ахмад настны үндэсний төвийн үйлчилгээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа явсаар байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс хэрхэн зохицуулахаар ажиллаж байгааг тодруулав. Яамны төлөөлөл хариулахдаа “Зөвхөн Батсүмбэрийн асрамжид байгаа хүмүүсийн дунд оюуны болон сэтгэцийн бэрхшээлтэй хүн 34 байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сэтгэцийн асрамжийн газар байгуулах зорилт тусгагдаад, үндсэн хэрэгжүүлэгчээр манай яам, хамтран хэрэгжүүлэгчээр Эрүүл мэндийн яам сонгогдсон байгаа. Гэхдээ эдгээр хүмүүст тусгай эмчилгээ, үйлчилгээ, асаргаа шаарддаг учраас Эрүүл мэндийн яам илүү анхаарахгүй бол манай яам дангаараа шийдэхэд бэрхшээлтэй” гэв.

Дараа нь тус төвөөр асруулагчдын байраар орж, тэдний амьдарч буй өрөө, сэргээн засах танхим, номын сан, олон нийтийн болон бүтээлийн өрөөгөөр зочилж, ажилтан, асруулагчдын санал бодлыг сонсов.


Ахмад настны үндэсний төв нь Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар тэжээн тэтгэх үр хүүхэдгүй, эсвэл тэжээн тэтгэх үр хүүхэд нь тэжээн тэтгэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зориулалтын байранд байрлуулж, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үүрэгтэй. Гэтэл сэтгэцийн өвчтэй хүмүүс ирдэг нь бусад асруулагчдын ая тухыг ихээхэн алдуулдаг тухай олон хүн ярьж байлаа.

Өөр нэг хүндрэл нь тус төвийн эмнэлгийн харьяаллын асуудал гэдгийг эмч үйлчлүүлэгчид онцлов. Тодруулбал яаралтай тусламж шаардлагатай, хүнд өвчтэй асруулагчдыг гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлэхийн тулд харьяаллын дагуу Улаанбаатар хотын дундуур гарч, Төв аймаг орсны дараа эргэж нийслэлийг зорьдог байдлыг цаашид анхаарч өгөхийг тус төвийн эмч Л.Баатартөмөр, Ю.Чимгээ нар хүссэн юм.  


Энэ төвийн асаргаа, эмчилгээ, үйлчилгээний албаны эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч нар төрийн үйлчилгээний албаны цалингийн шатлалаар цалинждаг гэнэ. Гэтэл тус төвд өдөр тутмын асаргаа, эмчилгээ шаардлагатай хэвтрийн 53 хүн байдаг нь сумын төвийн эмнэлгээс хэд дахин их ажлын ачаалал ажээ. Тиймээс цалингийн шатлал, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчилж өгөхийг тус төвийн дарга Л.Эрдэнэхүү онцлов.


Ахмад настны үндэсний төвийн дэргэдэх сэргээн засах сувиллын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Ганболд “Манай ахмадын асрамжийн үйлчилгээ урьд жилүүдээс сайжирсан байна. Гэхдээ Үндэсний төв гэдэг бол том агуулга юм шүү. Цаашид энэ нэрэнд тохирсон үйлчилгээтэй, гадаадын улс орнуудын жишигт хүргэхэд бид тал талаасаа анхаарах хэрэгтэй байгааг харлаа. Холбогдох саналуудыг Байнгын хороонд уламжлъя” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Үүсгэсэн: 2018-02-07 20:02

Хуралдааны тов