Нөхөн сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг дэмжиж, Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

  2018-06-27 01:30  348


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.06.27) хуралдаан 11 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хорооны энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад гишүүдээс хоёр хуулийн төслийг нэгтгэн нэг төсөл болгож дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх санал гаргасныг төсөл санаачлагчид дэмжсэн тул Улсын Их Хурлын даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд намын бүлгүүдээс санал болгосны дагуу Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Л.Болд, Б.Баттөмөр, С.Жавхлан, Ж.Мөнхбат, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нар багтаж ажиллажээ.

Байнгын хорооны энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад дэгийн хуулийн өөрчлөлтийн асуудлаар гишүүн бүр ойлголттой, бүрэн гүйцэт мэдээлэлтэй, нэгдсэн байр суурьтай болох шаардлагатай учраас ажлын хэсгийн байр суурь, саналын томъёоллуудтай танилцаж, намын бүлгээрээ ярилцаж байр сууриа нэгтгэх үүднээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм.  


Намын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлбал, төслүүдийг нэгтгэхдээ Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг суурь болгож хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Мөн төслийн 2 дугаар зүйлд “10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй болон хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй” гэсэн 2 дахь өгүүлбэр” нэмэхээр болов. Түүнчлэн төслийн 6 дугаар зүйлийн “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөх ажлын хэсгийн саналтай холбогдуулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын асуултад ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Хурууны хээгээр санал өгөх техникийн боломж бүрдүүлэхэд төсөв санхүү болон тодорхой цаг хугацаа шаардагдана. Иймээс төсөв санхүүгийн асуудлыг нь ирэх оны  төсөвт суулгаж шийдвэрлэх, дараа нь тоног төхөөрөмж худалдаж авах,  технологийн горимд оруулах гээд багагүй цаг хугацаа шаардагдах учраас энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх саналыг ажлын хэсэг гаргасан” гэдгийг тайлбарлав. Харин хуралдаанд оролцсон гишүүд асуудлыг бүтэн жил хойшлуулахгүйгээр зардал мөнгийг ирэх оны төсөвт суулгасны үндсэн дээр ирэх хаврын чуулган эхлэхэд техникийн боломжийг бүрдүүлэх хангалттай цаг хугацаа байна гэж үзсэний үндсэн дээр төслийн энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт болох Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулагдаагүй зарим асуудлыг хэлэлцэх дэгийг журмыг тодруулахтай холбогдсон заалтыг бүхэлд нь хасах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдэв.

Дараа нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг тус тус хасахаар болов. Ингэснээр гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд хоцорсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдсан нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол гишүүнийг эгүүлэн татах, мөн гишүүн Байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан гурваас дээш удаа оролцоогүй бол түүнийг тухайн Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гаргана гэсэн агуулгатай заалтууд төслөөс хасагдаж байгаа юм. Эдгээр заалт нь гишүүний бүрэн эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн агуулгатай байгаа учраас хасах нь зүйтэй гэдгийг төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад олон гишүүн гаргаж байсан юм.  Ингээд хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон холбогдох албан тушаалтнууд, Сангийн яамны ажлын хэсэг, Үндэсний аудитын газрын төлөөллүүд оролцсон юм.

Тогтоолын төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ. Сангийн сайд танилцуулгадаа, 2017 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон тусламжийн дүн 7.3 их наяд төгрөгт хүрч, 108.8 хувийн биелэлттэй, зарлага 9.0 их наяд төгрөгт хүрч 95.0 хувийн биелэлттэй гарсан. Нэгдсэн төсвийн тэнцэл 1 их наяд 742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгааг дурдлаа.


Харин улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон тусламжийн дүн 5.2 их наяд төгрөгт хүрч, 109.4 хувийн биелэлттэй, улсын төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч, 96.2 хувийн биелэлттэй гарсан. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр улсын төсвийн зарлага 7 их наяд 139.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 281 тэрбум төгрөгөөр бага гарч, өмнөх оны гүйцэтгэлээс 254.6 тэрбум төгрөгөөр буурсныг танилцуулав. 

Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг 158 төсвийн захирагч, 9 аж ахуйн нэгжийн 2017 оны санхүүгийн тайланг нэгтгэж гаргахад төсвийн гүйцэтгэл 15.6 тэрбум төгрөгөөр дутуу, санхүүжилт өмнөх оноос 9 тэрбумаар өссөн дүнтэй гарсан байна.  

Харин Үндэсний аудитын газраас 2017 онд батлагдсан сэдвийн хүрээнд төрийн өмчит 128 аж ахуйн нэгжид санхүүгийн аудит хийж, санхүүгийн тайланг нэгтгэхэд 68 хувь нь ашигтай ажилласан байна. Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний 10 байгууллагын тайланг нэгтгэж дүгнэхэд зөрчилгүй гэсэн дүнтэй гарчээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй. Иймээс тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтсон юм.

Нөхөн сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг дэмжиж, гишүүнээс чөлөөлсөн. Тиймээс Улсын Их Хурлын сонгуулийн Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлагатай болсон тул Сонгуулийн ерөнхий хорооны саналын дагуу “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, “Нөхөн, дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулга хийсэн юм.


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар тогтоохоор тусгажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүн санал нэгтэйгээр уг тогтоолын төслийг дэмжлээ.

Харин Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхийг дэмжлээ.

Түүнчлэн “Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 228 095 885 төгрөгөөр, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн, дахин сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 162 537 250 төгрөгөөр батлах нь зүйтэй гэж үзлээ. Уг тогтоолын төсөлд тусгагдсан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тогтсон юм.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөл дэмжигдлээ

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулга хийсэн юм.


Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2, Улсын Их Хурал дахь намын бүлэг, Байнгын хороодоос 64, Засгийн газраас 104, нийтдээ 172 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнээ Байнгын хорооны дарга хэллээ.

Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар

1.    Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,

2.    Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,

3.    Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,

4.     “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

5.    Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

6.    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

7.    Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

8.    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

9.    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

11. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

12. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

13. Ус бохирдууулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

14. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл,

15. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл,

16. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.


Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Жижиг, дунд, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслүүдийг, Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд олон нийтийн дунд хүлээлттэй байгаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудалд нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2018-06-27 16:24  348