Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.12.10-14/

 

УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал Японы блокчейн технологийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Чон Чан Дог тэргүүтэй төлөөлөгчдийг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа. 2018.12.11 http://www.parliament.mn/n/gpmo


 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов.     Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. 2018.12.11 http://www.parliament.mn/n/gfmo


 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын гишүүд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, ЖДҮХС-гийн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах тухай албан бичгээ УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байгаа тухайгаа мэдэгдлээ. 2018.12.11 http://www.parliament.mn/n/gjmo


 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын дөрвөн тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Дараа нь  “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн юм. Эцэст нь “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив. 2018.12.12 http://www.parliament.mn/n/g7mo


 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэргүүтэй албаны хүмүүс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байрладаг 173 дугаар цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд байрладаг 67 дугаар  сургуулиудад очиж, ажиллалаа. 2018.12.12 http://www.parliament.mn/n/8bmo


 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Төрийн ордонд “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. 2018.12.12 http://www.parliament.mn/n/8fmo


 

2018 оны намрын ээлжит чуулганы хуралдааныг эхлүүлэхэд гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшлуулахаар УИХ-ын дарга 11 цаг 25 минутад мэдэгдэв. УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулж, хууль тогтоох үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхээс татгалзаж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүд санаачлан Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  хугацаатай шаардлага хүргүүлсэн болохыг УИХ-ын дарга танилцуулав. 2018.12.13 http://parliament.mn/n/8pmo

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэл хамтран “Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Энэхүү сургалт хоёр өдрийн турш үргэлжилсэн бөгөөд Тамгын газрын ажилтнууд, улс төрийн нам, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг 100 гаруй оролцогчдыг хамруулсан байна. 2018.12.13 http://parliament.mn/n/8tmo

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд, С.Бямбацогт нар Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх асуудлыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2018.12.13 http://parliament.mn/n/87mo


 

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 10 цагт эхлэх товтой байсан ч Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлын зарим гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орж ирээгүйгээс хуралдааны ирц бүрдэхгүй байсан тул хуралдаан даргалагч болон ирцэд бүртгүүлсэн гишүүд ирц бүрдэхийг хүлээсээр багагүй хугацааг өнгөрөөв. Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн юм. Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газарт хандаж үг хэлэв. 2018.12.14 http://www.parliament.mn/n/e3mo

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас дахин хойшлогдлоо. 2018.12.14 http://www.parliament.mn/n/e7mo

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл