Цэс

Холбоо барих

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагын хүрээнд төслийг боловсруулсан

Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.09.01) Хууль сахиулахын их сургуульд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлагуудын албан хаагчид хамрагдлаа. Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж хөтлөн явуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал 2017 оны долдугаар сарын 31-ний өдрөөс эхлээгүй гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриа байсаар ирсэн бөгөөд 2000 онд өөрчлөлт оруулсан ч хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш шүүмжлэлийн бай болсоор байгаа. “Дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг тухайн нэмэлт, өөрчлөлтөд эерэг зүйл ч бий, сөрөг нь ч бий. Түүн шиг энэ удаагийн төсөлд эерэг зүйл байвал оруулах, сөрөг зүйл байвал хасах, мөн гарцаагүй хөндөх шаардлагатай зүйл байвал өөрчлөх, нэмэх зорилгоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс даяар хэлэлцүүлсэн юм.

Үндсэн хууль 25 жил үйлчилсэн учир нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш. Гарцаагүй өөрчлөх шаардлага байгаа. Гэхдээ бүхэлд нь өөрчлөөгүй, зарим зүйлийг тодотгон нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг хэлэлцүүлж байна” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр төсөлд тусгагдсан зарим зүйл заалтын талаар болон иргэдээс олон гарсан зарим саналын талаар тайлбар, мэдээлэл өглөө.

Өнөөдрийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх эрх Улсын Их Хурлын хууль санаачлагдад байхгүй, хаалттай гэдгийг тэрбээр тэмдэглэв. Ард түмнээс олгосон зөвшөөрлийн хүрээнд Улсын Их Хурал-Ерөнхийлөгч-Засгийн газар хоорондын харилцаа, эрх мэдлийн тэнцвэр, хяналтыг тодорхой болгох, шүүх эрх мэдлийн зарим асуудлыг тодотгох, нутгийн захиргааны асуудал, төрийн хяналт шалгалтын тогтолоо, төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зургаан багц сэдвийн хүрээнд төслийг боловсруулсан гэдгийг мөн онцоллоо.

Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох шийдвэрийн хүрээнд улс орон даяар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулаад өндөрлөж байгаа аж. Энэ өдрүүдэд яам, Улсын Их Хурлын харьяа байгууллагууд чиглэл, чиглэлээрээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа юм. Мөн хууль зүй, улс төр судлалын судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагууд төслийн талаар нарийвчилсан судалгаа, хэлэлцүүлэг хийж байгаа бол улс төрийн намууд дор бүрнээ комисс томилон энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээр зэхэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хэллээ. 2017 оны есдүгээр сарын сүүлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи эрдэм шинжилгээний томоохон хурал болж, экспертүүдийн дүгнэлт гарах аж. Ийнхүү ард түмнээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн дүгнэж, түүнээ задлан шинжилснээр төслийг эцэслэн боловсруулаад Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг ажлаа хийж байгааг тэрбээр дурдав. Өнөөдрийн байдлаар иргэдээс ирүүлсэн 10 гаруй мянган саналыг программд оруулан, нэгтгээд байгаа бөгөөд энэ ажил үргэлжилж байгаа юм байна. Ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас иргэн бүрийн санал нэг бүрийг орхигдуулахгүй, төсөлд тусгах зорилгоор ажиллаж байгааг энэ дашрамд хэллээ. Төгсгөлд нь тэрбээр “Монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзээд олон нийтээр хэлэлцүүлж буй төслийг боловсруулсан юм” гэв.


Төсөлд зарим зүйл заалтад нэг үг, нэг өгүүлбэр өөрчилсөн юм шиг харагдаж болох ч Үндсэн хуулийн цэг, таслал бүр гүнзгийг утга, агуулга агуулж байдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан онцлон хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриаллаа.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи танилцуулга эхэлж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл” сэдвээр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Төрийн алба”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” сэдвээр танилцуулга хийсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр дээрх сэдвүүдийн танилцуулгатай холбогдууулан асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийллээ. Тэдний асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан болон сэдвийн танилцуулга хийсэн Улсын Их Хурлын Тамгын ажилтнууд тодорхой хариулт өгөв.


Хэлэлцүүлэгт оролцогчид эцэст нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудсыг бөглөж, саналаа бичгээр өгсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл