Цэс

Холбоо барих

“Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улс, Бүгд найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2019.06.07/ Төрийн ордонд боллоо.

Хурлыг нээж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан үг хэлэв.


Тэрбээр хэлсэн үгэндээ, “Манай тооллын өмнөх III зуунд Монголын газар нутаг дээр байгуулагдсан Хүннү гүрний үеэс эхтэй манай хоёр орны ард түмний харилцааны түүх олон мянган жил өртөөлөн уламжлагдсаар өнөөг хүрсэн. Хоёр орны орчин цагийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин дэвжиж байна.  

2011 онд УИХ-аар шинэчлэн баталсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсан гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Турк улс нь манай гуравдагч хөрш мөн бөгөөд хоёр орон иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна”  гэлээ.

Тэрбээр мөн  дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан олон арга хэмжээ төлөвлөсөн талаар тэмдэглэв.




Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд хоёр орны харилцаа,  хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, түүх, соёлын талаар эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хоёр орны харилцааг бүхий л талаас нь дүгнэн хэлэлцсэн юм.

Түүнчлэн, цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, боломжийн талаар хэлэлцлээ гэж УИХ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл