Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг гаргаж, товлон зарласны дагуу Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулган өнөөдөр /2016.07.05.Мягмар гараг/ 11.00 цагт эхэллээ.

Анхдугаар чуулганд Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар сонгогчдын итгэл хүлээн Улсын Их Хурлын гишүүнээр шинээр сонгогдсон 76 гишүүн хүрэлцэн ирж чуулганы нэгдсэн хуралдааны танхимд суудлаа эзэлсэн байв. Энэ удаагийн сонгуулиар МАН-аас 65, АН-аас 9, МАХН-аас 1, бие даан нэр дэвшигч 1 гишүүн сонгогчдын олонхын санал авч ялалт байгуулсан тул тэдэнд Сонгуулийн ерөнхий хороо гишүүний түр үнэмлэх олгосон юм.

Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. Одоо түүнийг хэрэгжүүлэх мөч эхэлж байна. Сонгуулийн шат шатны байгууллага сонгуулийн санал хураалтын дүнгээ нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан. Сонгуулийн ерөнхий хорооноос өөрөөр сонгогдсон гишүүний асуудлаар ямар нэг мэдээлэл ирээгүй байна.

Энэ удаагийн сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хүрээнд эмх цэгцтэй сайн зохион байгууллаа. Иргэд сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцлоо. Сонгуулийн ирц анх удаа өмнөхөөсөө давсан дүнтэй гарсан байна. Мэдээлэл технологийн автомат машин үр дүнгээ өглөө. Сонгуулийн дүнг иргэд олон нийтэд ил тод зарлан мэдээллээ гээд сонгуульд олонх болсон улс төрийн нам иргэдэд сонгогчдодоо өгсөн амлалтаа шударгаар биелүүлж ажиллах, Улсын Их Хурал хариуцлагын хуулийг хэлэлцэн батлахаас ажлаа эхлээсэй гэдгийг онцлов. Мөн Засгийн газрыг ард түмэндээ өгсөн амлалтын дагуу хариуцлагатай, мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллах, төрийн албыг хариуцлагатай, тогтвортой ажиллуулах, өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн үр дүнтэй сайн ажлыг үргэлжлүүлж, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж ажиллахыг хүслээ.

Ерөнхийлөгч эцэст нь түүхт төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж ажиллах түшээ болно гэдэг эрхэм нэр төр. Үүнийг мөрдөж ажиллаарай. Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Та бүхний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах нь Монголын ард түмний эрх ашигт нийцнэ гэж үзэж байна гээд Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг нээснийг мэдэгдэв. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг нээснийг мэдэгдэхэд хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, шинээр сонгогдсон гишүүд болон Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд оролцсон зочид төлөөлөгчид, албаны хүмүүс босч хүндэтгэлээ.

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг долоо дахь удаагаа зохион байгуулж, сонгуулийн дүнг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлсэн. Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн олонхын тогтолцоогоор явууллаа. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1998 хэсгийн санал авах байр, мэдээллийн технологийн 31 баг зохион байгуулж, тэдгээрт 20 мянга гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч ажиллалаа. Сонгуулийн үйл явцыг дэлхийн 43 улс орон болон олон улсын байгууллагаас 436 ажиглагч, сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдээс томилогдсон 100 мянга гаруй ажиглагчид санал авах байруудад ажиллалаа.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгууль анх удаа Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамт явагдсан, сонгуулийн автоматжуулсан системийг бүрэн утгаар нь төгс хэрэгжүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгор эрхийг хангахад илүү анхаарсан, саналын хуудас нь өндөр нууцлалтай, бар кодтой, брайль үсгийн хавтастай зэрэг олон шинэчлэлийг хэрэгжүүлсэн онцлог сонгууль болсныг онцлов.

Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын энэ удаагийн сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 1 911 047 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 406 123 нь буюу 73.58 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө. Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд улс төрийн 12 нам, 3 эвсэл оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн батламж авсан. Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр 498 хүн бүртгүүлж үнэмлэх авсанаас 14 хувь нь буюу 69 нь бие даан нэр дэвшигч, нийт нэр дэвшигчидийн 26 хувь нь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байлаа.

Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон тогтоол гаргаж түр үнэмлэх олголоо.

Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Ардын Намаас 65, Ардчилсан Намаас 9, МАХН-аас нэг, бие даан нэр дэвшигч нэг хүн тус тус сонгогдлоо. Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн 21 нь эрх зүйч, 25 нь эдийн засагч, 11 нь инженер, нэг нь агрономич, 18 нь урлаг, спорт, улс төр, нийгмийн ухааны мэргэжлийн хүмүүс байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон тул Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож түр үнэмлэх авсан 76 гишүүний тангарагийг нь өргүүлж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна гэлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлтэй холбогдуулан шинээр сонгогдсон гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Н.Номтойбаяр, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Я.Содбаатар нар асуулт асууж хариулт авав.

Ингээд шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэлж, энэ удаагийн Улсын Их Хурлын хамгийн ахмад гишүүн Ч.Улаан индрээс гишүүний тангаргыг уншихад бусад гишүүд дагаж уншив. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар хоёр хоёроор нь дуудахад гишүүд Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн адис авч, гишүүний тангаргын бичигт гарын үсэг зурж энгэрийн тэмдгээ гардаж авлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл