Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 3 дахь дугаарын тойм

Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын хэвлэл- “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагалдаж гарсан хуулиудын хамт нийтэллээ.

Өмчийн хэлбэрээс үл хамааран аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн хууль тогтоомжид заасан татвар төлөх үүргээ биелүүлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авахад энэ хууль үйлчлэх ажээ.

Уг  хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээнд ямар зарчим баримтлах, үйл ажиллагааг хамааруулах, үйлчлүүлэгч болон татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд ямар эрх, үүрэг хүлээх, зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл хэрхэн олгох ба түдгэлзүүлэх, хүчингүй болгох, татварын мэргэшсэн зөвлөхөд тавих шаардлага, тэдний эрх, үүргийг тодорхой хуульчилсан байна. Үүнээс гадна татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд, татварын мэргэшсэн зөвлөхүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, эрх ашгийг хамгаалах зорилготой Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн эрх, үүргийг энэ хуульд тусгажээ. Мөн зөвлөх үйлчилгээнд хэрхэн хяналт тавих, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдэд ямар үйл ажиллагаа явуулахыг хориглосон, ямар хариуцлага хүлээлгэх талаарх мэдээллийг энэ хуулиас авах боломжтой.

            Эмхэтгэлийн шинэ дугаарт, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүрэн эхээр нь нийтэллээ. Үүгээр төрөөс хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлсны зэрэгцээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаарх төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, мэргэжлийн байгууллагын үүрэг, бүтэц ямар байх, санхүүжилт нь ямар эх үүсвэрээс бүрдэх зэрэг асуудлыг нарийвчлан хуульчилжээ. Түүнээс гадна сэтгэцийн эмгэгтэй хүн эрүүл мэндээ хамгаалуулах талаар эдлэх эрх, түүний хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүрэг ба сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмнэлэгт албадан эмчлэх, аюулгүй  байдлыг хангах, түүнд үзүүлэх нийгмийн халамжийн туслалцаа зэрэг асуудлыг энэ хуулиар зохицуулж өгсөн байна.

Эмхэтгэлд, Хуулийн төсөл буцаах тухай, Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт,  Монгол Улсын хууль,  УИХ-ын тогтоолоос гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарим зарлиг, Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ.

Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолд, уг хөтөлбөрийг боловсруулах болсон үндэслэл, шаардлага, хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үндсэн зарчмууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санхүүжилт,  болон хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2016 онд хүрэх үр дүнг тусгасан байна.  Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг дээрх тогтоолын хавсралтаар баталжээ.

Эмхэтгэлд нийтэлсэн Засгийн газрын тогтоолоор Тогтоолын хавсралтыг шинэчлэн баталсан бөгөөд үүгээр Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн төрөл болон тэдгээрийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг баталжээ.

 Мөн дугаарт Худалдан авах ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2013 оны 1 дүгээр сарын 17

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл