Цэс

Холбоо барих

"Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага" сэдэвт хэлэлцүүлэг болов

Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн өнөөдөр (2018.01.10) "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Улсын Бага Хурал, Анхны Улсын Их Хурал буюу 1992-1996 оны парламентын гишүүдийг урьж оролцуулсан уг хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв.


Тэрбээр, “Монголын ард түмэн 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах улс төр, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээтэй өөрчлөлтийг эхлүүлсэн билээ.

Ардчилсан, эрх зүйт төрт ёсыг Монгол Улсад төлөвшүүлэн хөгжүүлэх их ажлыг үе үеийн парламент өөрийн бүрэн эрхийн хугацаанд өртөөлөн гүйцэтгэж 26 жилийг ардаа үлдээжээ.

Нийгмийн харилцааг хуулиар зохицуулах, эрх зүйт төрт ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэх нь хууль тогтоох байгууллагын хөгжил, төлөвшилтэй шууд холбогддог.  

Хууль тогтоох байгууллага засаглалын хувьд хэр бэхэжсэн, үйл ажиллагааны горим дүрмийн ойлгомжтой байдал, бүтэц зохион байгуулалтын тодорхой, ил тод засаглал бүрдсэнээс  ихээхэн шалтгаална.

Улсын Их Хурал дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаагаа Монгол Улсын Их Хурлын хуралдааны чуулганы дэгийн тухай хуулиар зохицуулж байна.

Үе үеийн Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хугацаанд парламентын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, хуралдааны үйл ажиллагаанд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах чиглэлээр дэгийн зохицуулалтыг боловсронгуй болгохоор ажиллаж, өөр өөрсдийн хувь нэмрээ үлдээсэн байдаг.

Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдөр баталж,  улмаар түүнд нийтдээ 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.  

Улсын Их Хурал Хууль тогтоомжийн тухай хуулийг батлан гаргасан нь хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэхэд тавигдах шаардлагыг өндөржүүлсэн. Энэ хуультай дэгийн зохицуулалтыг хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн түвшинд уялдуулах шаардлага бий.

Цаашид хуралдааны үйл ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай, үр дүнтэй байдлыг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хууль тогтоомжийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох  чиглэлээр Улсын Их Хурлын хуралдааны дэгийг сайжруулах хэрэгцээ, шаардлага байсаар байна.

Бид бүхний зохион байгуулж байгаа өнөөдрийн хэлэлцүүлгийн онцлогийг анхны ардчилсан Үндсэн хууль баталсны 26 жилийн ойн өмнө, түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бүх нийтээр хэлэлцүүлж буй цаг үетэй давхцаж байгаагаар тодорхойлж болох юм.

1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хуралд шинэ ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааг эхлүүлэн хэрэгжүүлэх түүхэн үүрэг ногдсон төдийгүй энэ бүрэн эрхийн хугацаанд анхдагч суурь хуулиудыг баталж, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээтэй өөрчлөлтийг эхлүүлснээр  богино хугацаанд системийн шилжилтийг хийж дуусгахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайн үед баталсан олон хуулиудын үзэл баримтлал нь өнөөг хүртэл төрийн бодлогын түвшинд залгамжлагдан хадгалагдаж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж, иргэдээс санал авах өргөн хүрээтэй ажил нь ихээхэн хүч хөдөлмөр орсон, иргэд ч мөн өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн үйл явдал болсон.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэртэй байх, харилцан хяналттай байх зарчимд нийцүүлэн Улсын Их Хурлын хариуцлагыг өндөржүүлэх  асуудлууд яригдаж байна.

Ер нь цаашдаа дэгийн зохицуулалтыг сайжруулахад гадны орнуудын сайн туршлагаас байнга суралцах явдал чухал.

Улсын Их Хурлын хөгжил төлөвшилтөд сайн хууль,  дүрэм, журам чухал байхын зэрэгцээ хувь гишүүн бүрийн ёс зүй, сахилга, хариуцлага, өргөсөн тангарагтаа үнэнч байх хүчин зүйлээс ихээхэн шалтгаална гэдэгт эргэлзэхгүй байна. Парламентын хуралдааны үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудал нь  тасралтгүй үргэлжлэх процесс. Гэхдээ энэхүү ажиллагаа нь тухайн цаг үедээ тохируулан хийгддэг дур зоргийн шинжтэй байж болохгүй бөгөөд Үндсэн хуулийн суурь  зарчим, үнэт зүйлийг дээдэлсэн байх үзэл санаанд  захирагдах ёстой.  

Энэхүү хэлэлцүүлэгт уригдан ирсэн хууль тогтоох байгууллагын үе үеийн удирдлага, эрхэм гишүүд, зочид  төлөөлөгчид та бүхэн Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, дэгийн зохицуулалтыг боловсронгуй болгоход өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж,  олон сайхан үнэтэй санал, зөвлөмжүүд хэлнэ гэдэгт бүрнээ итгэлтэй байна” гээд хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэлцүүлэгт оролцогчдыг нэгбүрчлэн танилцуулж, хэлэлцүүлгийн талаар тодруулга мэдээлэл хийв. Тэрбээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалт, боловсронгуй болгох асуудлыг хэлсэн үгэндээ онцолсон юм.


Хөтөлбөрийн дагуу Монгол Улсын дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж “Улсын Бага Хурлын хуралдааны анхны дэг, туршлага” сэдвээр хийсэн мэдээлэлдээ анх дэг батлагдсан түүх, процедурыг хөндөж ярилаа.

Үүний дараа хэлэлцүүлэг өрнүүлснээр оролцогчид Улсын Их Хурлын гишүүдийн сахилга хариуцлага, ирц, ёс зүй, төлөвшил, чадавхи, нэр хүнд, мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, улс орны хөгжлийн тулгамдсан асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

"Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага" сэдэвт энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл