УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Хайнань мужийн Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, Намын бүлгийн гишүүн Ван Юн-г хүлээн авч уулзав

  2018-12-20 17:30  172

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав өнөөдөр (2018.12.20) БНХАУ-ын Хайнань мужийн Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, Намын бүлгийн гишүүн Ван Юн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцаа өргөжиж байгааг онцлов.


Өнгөрсөн жил хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд тогтмолжиж, олон талт хэлэлцээрүүд хийгдсэн. Эдгээр хэлэлцээрүүдийг бодит ажил хэрэг болгоход БНХАУ-ын Хайнань мужийн төлөөлөгчдийн айлчлал чухал ач холбогдолтой. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хоёр хөршийн харилцаагаа шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын харилцаа ч сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байна. Мөн боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа хэдийнэ бат бэх суурьтай болсон. Цаашид муж, орон нутаг хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд аль аль талдаа хүчин чармайлт гарган ажиллахын чухлыг УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав хэллээ.


БНХАУ-ын Хайнань мужийн Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, Намын бүлгийн гишүүн Ван Юн цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын дэд даргад хариу талархал илэрхийлээд хоёр орны харилцаанд ихээхэн ач холбогдол өгдөгт баяртай байна гэв. БНХАУ-ын Хайнань муж нь 1988 онд байгуулагдсан харьцангуй залуу муж боловч сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байна. Аялал жуулчлал, газар тариалан голлодог бөгөөд өнгөрсөн онд 67 сая жуулчин хүлээж авсан. Нэг хүнд ногдох ДНБ 7100 ам.долларт хүрсэн. БНХАУ-ын Засгийн газраас Хайнань мужийг чөлөөт худалдааны бүс болгох шийдвэрийг гаргасан болохыг ноён Ван Юн дурдав.


Тус муж нь дөрвөн талаараа далайгаар хүрээлэгдсэн арал хэдий ч нийт газар нутгийн 64 хувийг ой мод эзэлдэг, байгалийн өвөрмөц тогтоцтой тул жуулчдын тоо жилээс жилд өсөж байна. Мөн Монгол Улсын байгаль, жилийн дөрвөн улиралтай эрс тэс уур амьсгалыг мэдрэхийг хүссэн жуулчид олон байдаг. Иймд хоёр улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх орон зай, боломж бүрэн байгааг тэрбээр уулзалтын үеэр хөндлөө.

Ирэх жил буюу 2019 онд хоёр улсын хоорон дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохионо. Уг ойг тохиолдуулан олон үр дүнтэй ажлуудыг хамтран хийх талаар талууд ярилцаж, санал солилцсон юм.

БНХАУ-ын Хайнань мужийн Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, Намын бүлгийн гишүүн Ван Юн Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятавыг БНХАУ-ын Хайнань мужид зочлохыг урив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2018-12-20 17:30  172