Цэс

Холбоо барих

ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ



    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.23) цахим хуралдаан 15 цагт эхэлж,  хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нараас 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. 

    Хуулийн төслийн талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Гишүүдийн зүгээс төслийн 1 дүгээр зүйл буюу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “5.1.7 буюу Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ. 

  Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

    Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухайУлсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

    Хуралдаанд Соёлын Дэд сайд М.Батбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

  Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан төслийн 1 дүгээр хавсралтад заасан ойн медаль болон медалийн байгуулалтын лого зургийн зарим хэмжээг өөрчлөхтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

    Энэ үеэр тогтоолын төслийн 1 дүгээр хавсралттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт асуулт асууж, хариулт авсан.


    Иймд тогтоолын төслийн анхнхы хэлэлцүүлэг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл