Цэс

Холбоо барих

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2017.07.06) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 40 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар эхлээд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг явуулах үед боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй, харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргалаа. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж анхны хэлэлцүүлгээр батлуулахаар тогтов.

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Үүний дараа Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.  УИХ дахь АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэн, багш нарын нийгмийн асуудалтай холбоотой саналуудыг хэлэлцүүлгийн явцад төсөлд нэмж тусган хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулав. Хэлэлцэж буй хуулийн төслийг боловсруулах үндэслэл нь багш нарын нийгмийн хэрэгцээ, шаардлага байсныг УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 10 мянга гаруй багш нарын дунд явуулсан хэлэлцүүлгийн дүнд тэдний гаргасан санал, хүсэлтэд үндэслэн хуулийн төслийг боловсруулсан бөгөөд орон нутагт ажиллаж буй багш нар болон нийслэлд өндөр ачаалалтай ажиллаж буй багш нарт олгох урамшуулал, багш нарын хөгжлийг дэмжихтэй холбоотой эрх зүйн зохицуулалтууд төсөлд тусгагдсан талаар тэрбээр дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл