Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг Сэтгэцийн үндэсний эрүүл мэндийн төвд ажиллав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Архидан согтуурахтай тэмцэх тухай болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн зарим гишүүд өнөөдөр (2018.04.30) Сэтгэцийн үндэсний эрүүл мэндийн төвд ажиллав.


Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь болон Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Б.Баасандорж, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн гишүүд болох Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга Ш.Батболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ажилтнуудад эхлээд Сэтгэцийн үндэсний эрүүл мэндийн төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл эмнэлгийнхээ тусламж, үйлчилгээний өнөөгийн байдлын талаар танилцуулав.

Танилцуулгадаа, эрх зүйн орчин, хүний нөөц, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал, хүүхэд, өсвөр үеийн сэтгэц, зан үйлийн эмгэг, сэргээн засах үйлчилгээ, яаралтай тусламж, сэтгэцэд нөлөөт эмийн хэрэглээний байдлын талаар мэдээлэл өглөө.

Мэдээлэлтэй холбогдуулж Ажлын хэсгийн гишүүд тодорхой асуулт асууж, хариулт авсан.


Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь эмийн төсөв, хүртээмж, хангамжийн талаар болон орны хангалт, хяналтад байдаг өвчтөний тоо, хүний нөөцийн бүрэлдэхүүн, цалин хөлсний талаар лавлаж, хариулт авлаа.  


Дараа нь тус төвийн клиник, тасгуудаар орж, үйл ажиллагаатай нь танилцсан.

Мөн төвийн дэргэдэх “Өөртөө туслах бүлэг”-ийн үйл ажиллагаатай танилцахдаа архины хамааралтай өвчтөнүүдтэй уулзаж, ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл