Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга М.Энхболд Бундестагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Их Хурлын урилгаар манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Төв Азийн бүлгийн дарга Манфред Грунд тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн хүрээнд амжилттай хөгжиж, түүний дотор парламент хоорондын харилцаа өргөжин бэхжиж байгааг уулзалтын эхэнд УИХ-ын дарга онцлоод, Парламентуудын харилцаа сайн байх нь худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжих гол суурь нөхцөл болж байдаг хэмээн тэмдэглэлээ.

Ноён М.Грунд гурван жилийн өмнө Парламент дахь бүлгийн даргын хувиар Монголд айлчилж байсан бөгөөд саяхан Төв Азийн бүлгийн даргаар дахин сонгогджээ. Тус бүлэг 30 гишүүнтэй Бундестаг дахь хамгийн том бүлэг юм байна. Өнгөрсөн жил Монголын парламентын бүлгийн гишүүд ХБНГУ-д айлчилж, Төв Азийн бүлэг шинээр байгуулагдсаны дараах анхны гаднын зочид нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тэргүүтэй Монголын төлөөлөгчид болсныг ноён М.Грунд онцоллоо.


Тэрбээр дөрвөн жилийн өмнө өөрийнхөө санаачилж байсан ХБНГУ-БНСУ-БНАСАУ-Монгол Улсын парламентын гишүүдийн хамтарсан уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах, ХБНГУ-Монгол Улсын парламентын гишүүд Герман, Монголын зэвсэгт хүчний Афганистанд хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны явц, үр дүнтэй танилцах зорилготой байгаагаа илэрхийлээд, УИХ-ын зүгээс эдгээр санаачилгыг дэмжиж өгөхийг хүсэв.

УИХ-ын дарга М.Энхболд Монголын парламент, Парламент дахь бүлгийн зүгээс дээрх асуудлуудыг анхаарч, дэмжинэ гэдгээ хэлэв.

Уулзалтын үеэр уул уурхайн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг ашиглах, Монголоос өндөр мэргэшилтэй ажилчин, инженер техникийн ажилтнуудыг Германд сургаж бэлтгэх, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамтран судлах, хамгаалах, энэ зорилгоор Хархорум хот, Орхоны хөндийн археологийн малтлагын төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, 2020 онд ХБНГУ-д үзэсгэлэн гаргах зэрэг асуудлыг хөндөж ярилцав. ХБНГУ эдгээр болон хамтын ажиллагааны бусад асуудлаар дэмжлэг үзүүлж, харилцан итгэлцсэн сайн түншийн харилцаагаа улам хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга М.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн тэргүүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг уламжилж өгөхийг ноён Манфред Грундээс хүсээд, Европ дахь хамгийн гол түншийн нэг ХБНГУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бүхий л санал, санаачилгыг дэмжиж ажиллахад УИХ бэлэн байх болно гэж уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2018.05.30

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл